Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тусгаарласан буудлынх нь гадаа журмын нөхөд нь "Хонхны дуу"-тай эргэсэн нь нийгмийн сүлжээгээр элдээр яригдах шалтгаан болоод буй. Энэ талаар Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда ийнхүү бичжээ.

Өчигдөр тусгаарлалтанд байгаа Элбэгээг “Хонх” хамтлагийн ахлагч, талийгаач С.Цогтсайханы охин Сантаа, амьд домог Н.Энхбаяр болон МоАХ-ын уугуул нөхөд нь эргэсэн байна. Тэд тусгаарлах байрны гадаа очиж “Хонхны дуу”-гаар сэтгэлийн дэмээ өргөжээ. Эргэлтийн бичлэгийг үзсэн миний ч гэсэн сэтгэл сэмэрсээн, уйлмаар болсоон. Элбэгээ бол Монгол улсын Ерөнхийлөгчийн сэнтийд 2 удаа заларсан, бидэн дундаас төрсөн нэгэн. Бидэн дундаас гэдэг нь тэртээх 30 жилийн өмнө хамтдаа ижил гараанаас гарч, мөр зэрэгцэн явсан манай коллеги. Өндөр сэнтийд хүрсэний дараа түүнийг өнгө алагласан олон гоё ТАРИМАЛ цэцэг тойрч бүчиж, чимдэг болсон. Цэцэгс нь анхилам, тансаг үнэртэй байсан биз. Тэр ганган цэцэгсийн нялуун үнэрт мансуурч, эрвээхэй мэт эргэлдэн нисч, улмаар уугуул нөхдөөсөө хөндийрч холдсон. Элбэгээг чихэр мэт долоож явсан долдойнуудын тарьсан тэрхүү хиймэл цэцэгс нь түүнийг сэнтийнээс буухтай нь цуг хатаж хагдарч, хамхуул мэт хийсч алга болсон. Харин өчигдөр тусгаарлах байрны гадаа очиж “Хонхны дуу”-тай мэндчилгээ дэвшүүлсэн нөхөд бол Монголд өрнөсөн ардчиллын салхинд өсч бойжсон, хөр цасанд ч хүйтэн бороонд ч үл ажрах ХЭЭРИЙН цэцэгс юм. Тэд Элбэгээг задарч явахад нь зад шүүмжилдэг, ядарч явахад нь яс түшдэг хүний дээд эрхэм андууд нь. Одоогоос 30-н жилийн өмнө “Хонхны дуу”-г дуулж, гар гараасаа атгалцаж явсан тэднийг Монголын нийгмийг өөрчлөх, монголчуудыг ардчилалд уриалан дуудах эрх ашиг нэгтгэж, нөхөрлүүлсэнийг би мэднэ, бас гэрчилнэ. Төр тэргүүлж явсан Элбэгээд алдаа оноо аль аль нь ч байсан байх. Алдаж гэнэдлээ гэж андаа хаях нь адгийн хүний авир. Онож олжээ гэж ойворгон загнах нь олиггүй хүний шинж. “Хонхны дуу”-наар гагнагдсан нөхөрлөл Элбэгээг алдаа оноотой нь хамт багтааж авсаныг өчигдөр би харсан. Бид хүний ертөнцөд хүн ёсоор, хүн чанараа гээлгүй оршино. Баярлалаа андууд аа.
Жич: Энд би зөвхөн хүн ёс, нөхөрлөлийн талаар дурдаж байна. Элдэв доромж үгийг устгаж, блоклох болно.