Засгийн газраас өнгөрсөн сард төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Гэвч зарим сургуулийн багш нар болон Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмж буй хэмжээ хэт бага байна гэж үзэн цалингаа 50-иас доошгүй хувиар нэмүүлэхээр ажил хаялт зарлаад буй юм.

Цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг хүргэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Улс орон даяар болж буй зүйлүүдийг Засаг дээр байнга ярьдаг. Цалин нэмэх асуудлыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байгаад шийдсэн. 8-30 хувиас илүү хэмжээгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их. Өөрөөр хэлбэл Монгол Улс өр тавьж байж цалинг 50 хувиар нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдагийг бүгд мэднэ. Зээл аваад бизнес эрхэлдэг, хүүхдээ сургадаг. Тэр зээлээ хүүтэй нь төлөх гэж ямар их юм болдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол яг түүттэй адил асуудал. 

2012 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар Монгол Улс авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо Сангийн сайдын ажлыг авахад 1.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг болсон байна. Монгол Улсын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, бусад тэтгэвэр тэтгэмжтэй бараг тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүд төлж байсныг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийг цэгцлээд явж байна.

Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь өрийн хэмжээ их буй энэ үед хүнд. Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад цалин нэмсэн. Засгийн газарт одоо өөрөөр цалин нэмэх боломж байхгүй. Үүнийг олон хүн ойлгож байгаа гэж найдаж байна. 

Цалинг 50 хувиар нэмнэ гэдэг нь жил бүр 1 их наяд төгрөг төсөвт нэмж суулгана гэсэн үг. Хэмнэлт гаргаад тэр хэмжээгээр цалин нэмж болно. Гэвч хэмнэх зардал маш бага. Бодит байдал энэ. 

Өмнө нь маш их хэмжээний мөнгө хэвлээд "сайн" нэртэй хөтөлбөрийн хүрээнд тараасан. Түүний үр дүн нь маш их өр. Үйлдвэрчний эвлэлүүд иймэрхүү эдийн засгийн буруу бодлого дээр дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Яагаад гэхээр, өнөөдрийн эдийн засгийн буруу бодлого маргааш төрийн албан хаагчид болон иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг" хэмээлээ. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар