Нью Йорк хотноо "Asia Society" байгууллагын 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг гардуулах ёслол болж байгаа билээ. Энэ жил уг шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаа юм. Дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүсийн авдаг уг шагналыг Монголоос анх удаа 13 настай бүргэдээр авлагч Айшолпан Нургайв хүртсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.  "The Eagle Huntress" баримтат уран сайхны киногоор дэлхийд танигдсан түүнд энэхүү шагналыг олгохдоо хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавъяаг нь үнэлсэн гэнэ. Түүний аав энэ талаар ярихдаа "Хэдэн зуун жил эрчүүд л бүргэдээр ан хийх ёсыг охин минь халсан. Одоогоор түүний амжилтыг давсан хүн гараагүй" хэмээн ярьжээ.

Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ.