Ахимаг насанд хүний булчин суларч, үйл ажиллагаа нь эрс мууддагийн учир шалтгааныг Шведийн судлаачид тогтоожээ. Каролины их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар, булчин сулрах нь булчингийн үүдэл эсүүдэд мутаци эрчимтэй явагддагтай холбоотой аж. Мутаци буюу өөрчлөлт нь булчин эд эсүүдийн эргэн сэргэх чадварыг алдагдуулдаг байна.
 
“Маш олон тооны мутаци байгаа нь хамгийн ихээр гайхал төрүүллээ. Эрүүл биетэй 70 настай хүний булчингийн үүдэл эс бүрт 1000 гаруй мутаци хуримтлагдсан байсныг бид харсан. Мутаци санамсаргүй байдлаар явагддаггүй бөгөөд хамгаалалт илүү сайтай хэсгүүд бий” хэмээн судалгааг санаачлагчдын нэг болох профессор Мария Эрикссон ярилаа.  
 
Түүний ярьснаар, зарим хэсгүүдийн хамгаалалт нас ахихын хэрээр муудаж байдаг бөгөөд энэ нь эд эсүүдийн хувьд өөрийн ДНХ-г сэргээх чадвар нь сулардаг гэдгийг харуулж байгаа аж.
 
Бие махбодид ачаалал өгөх нь мутаци хуримтлагдах үйл явцыг саатуулж чадах уу гэдгийг тогтоохоор эрдэмтэд төлөвлөж байна. Залуу насандаа биеийн тамирын дасгал сургуулилт хийх нь “эд эсүүдийг цэвэрлэх”-эд тус дэм болдог уу гэсэн асуултын хариу олохыг тэд хичээж байгаа аж. Эрдэмтдийн хийсэн судалгааны ажлын дүн нь ахимаг насны хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөний хөтөлбөр боловсруулахад тус дөхөм болох аж.
 
Судалгааны дүнг "Nature Communications" сэтгүүлд нийтэлжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг