Өнгөрөгч баасан гарагт болсон онцгой үйл явдлын нэг бол яахын аргагүй бөхийн өргөөний хаалгыг эвдсэн үйл явдал байсан юм. Тэгвэл бөхийн өргөөний хаалгыг эвдэлж, дотогш нэвтэрсэн иргэн Б-г саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутагт байрлах Бөхийн өргөө ТББ-ын хэвийн үйл ажиллагаанд саад учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу Бөхийн өргөөнд хууль бусаар нэвтрэн хаалга, цонх, эд зүйлсийг эвдэн сүйтгэсэн 33 настай Налайх дүүргийн харьяат Б-г саатуулсан байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэсэн зүйл ангиар 1-5 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Хэрэв хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзвэл 8 жил хүртэл ял шийтгэнэ гэж зүйлчилсэн байна.

Иймд иргэдийг байгууллага, хувь хүний өмчид халдвал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.