Өмнөд Солонгост коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж 556 тохиолдол бүртгэгдээд байна.

Коронавирусийн халдвар хамгийн их тархалттай нь Дэгү муж юм. Иймээс 2,5 сая хүн амтай тус орон нутгийн удирдлагууд дэлгүүр, үйлчилгээний  төвүүд, сүм хийдийг хаах шийдвэр гаргаад буй.

Одоогоор энэхүү халдварын улмаас 3 хүн амь насаа алдаад байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

Анхны тохиолдол лхагва гарагт бүртгэгдсэн бөгөөд өвчтөн 63 настай настан байсан аж. Удаах хүн баасан гарагт Пусаны эмнэлэгт нас баржээ. Сүүлийн тохиолдол өчигдөр бүртгэгдсэн юм. Тэрээр 40-аад насны эрэгтэй хүн юм байна. Түүнийг гэртээ нас барсан байсныг танил нь мэдэж түргэн тусламж дууджээ. Түүний цогцост хийсэн шинжилгээгээр коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Халдварын голомт болсон сүмийн 9336 итгэгчийг гэрт нь тусгаарлаж, хорионд оруулсан бөгөөд тэдний 544-т нь коронавирусний халдварын шинж тэмдэг илэрчээ. 

Эх сурвалж: BBC