Reddit хэмээх олон нийтийн сүлжээн дээр биеэ үнэлэгчээр ажилладаг хүмүүс өөрсдөд нь тохиолдсон хамгийн гунигтай түүхүүд болоод үйлчлүүлэгчдээс нь ирж байсан хамгийн сэтгэл өвтгөм хүсэлтүүдийг хуваалцжээ. Биеэ үнэлэх гэдгийг нийгмээрээ жигшиж байдаг ч зарим хүмүүст энэ үйлчилгээ юу юунаас илүү хань болох нь ч бий гэдгийг эдгээр түүхүүд өгүүлэх биз ээ. 

Энэ бүх яриа u/rishabwarr гэсэн хаягтай нэгэн "Та нарт тохиолдож байсан хамгийн гунигтай түүх, үйлчлүүлэгчдээс чинь ирж байсан хамгийн сэтгэл өвтгөм хүсэлтүүд юу вэ?" гэж биеэ үнэлэгчдээс асууснаар эхэлжээ.

Энд бид уншигчдаас хамгийн их үнэлгээ авсан хариултуудыг хавсаргалаа:


1. "Нэг залуу ердөө л надад тэврүүлж, тайван уйлах зуурт нь бүүвэйлж өгөхийг хүссэн. Түүнд сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэх өөр газар үгүй байсан шиг... Эцэстээ би ч уйлчихсан." —dancegoddess1971


2. "Намайг нэгэн дунд эргэм насны эмэгтэй хөлсөлсөн юм. Тэр зүгээр л үдшийг цуг өнгөрүүлэх хань хүссэн. Би түүнтэй бааранд уулзахад тэр надад өөрийн кредит картыг өгч, түүнийг дайлахыг хүссэн бөгөөд намайг Билл гэж дуудна гэсэн. 

Тэгээд би түүнд уух зүйл "авч өгөөд" хоолны тооцоог ч өөрийнх нь картаар хийсэн. Дараа нь кино үзэхээр явцгааж, кино дуусахад бид такси дуудаад түүний гэрт очсон юм. Би тэгэхэд л яагаад түүнийг үдшийг ингэж өнгөрүүлэхийг надаас хүссэнийг ойлгосон. Түүний нөхөр, хүү хоёр нь 4 жилийн өмнө нас барсан учраас тэр сэтгэл санаа нь тогтворгүй үедээ ийнхүү нөхрөө дурсан, түүнийг гэж төсөөлж болзоонд явдаг байсан." —sonofhellboy993


3. "Надад өөрийнх нь ээжийг эргэж тойрч байгаарай гэж мөнгө төлдөг нэг үйлчлүүлэгч байдаг юм. Ямар ч секстэй холбоотой зүйл үгүй. Би түүнтэй долоо хоногт хэдэн удаа цуг хооллож, цагийг өнгөрүүлж, ярилцаад л болдог. Тэр ганцаараа амьдардаггүй л дээ. Түүнийг асарч хандах үүрэгтэй ажилчид хэд хэд бий. 

Гэсэн ч тэр ганцаарддаг. Үнэндээ тэр залуу надад мөнгө өгөхөө больсон ч би ээжтэй нь уулзахаа болихгүй байх. Надад харамсалтай санагддаг зүйл нь юу гэвэл тэр залуу намайг ээжтэйгээ уулзуулах гэж хэдэн мянган доллар зүгээр л цацаж байдаг ч тэр өөрөө ээжтэйгээ уулзах гэж нэг өдрийн ажилаа орхиж чаддаггүй." —scummish


4. "Төрсөн өдөр бол хамгийн муухай зүйл. Надад хэдэн эрэгтэй үйлчлүүлэгчид байдаг бөгөөд тэд жилдээ нэг л өдөр, хэдхэн цагаар захиалга өгдөг. Тэгэхдээ өөрсдийнх нь төрсөн өдөр гэдгийг хэлж, цуг тэмдэглэх хүн байхгүй учир хэн нэгэнтэй цуг өнгөрүүлмээр санагдахдаа намайг хөлслөдөг гэдэг. 

Энэ үнэхээр гунигтай. Төрсөн өдрөө хэн нэг хүнтэй тэмдэглэхийн тулд түүнд мөнгө өгч байна гээд бод л доо. Би энэ тохиолдолд ядаж л нэг бялуу, бяцхан бэлэг авч очдог. Гэхдээ би хувьдаа тийм уулзалтыг үзэн яддаг." —jujuonthebeat255


5. "Нэгэн настай эр мөнгөө цуглуулж цуглуулж байгаад л нэг, хоёр цагаар намайг хөлслөдөг. Хэзээ мөнгө нь цугларна, тэгэх бүртээ ирнэ. Тэр ер бараг ярьдаггүй гэхдээ над руу үргэлж дулаанаар инээмсэглэдэг. Түүний хүсдэг зүйл нь ердөө л намайг тэврээд хөгжмийн аянд найган бүжих. Өөр юу ч хүсэхгүй. 

Бид тийнхүү уулзаад хэдэн сар өнгөрсний дараа тэр надад өөрийн түүхийг ярьж өгсөн юм. Тэр эхнэрээ өөд болохоос өмнө үргэлж түүнийг тэврээд найган бүжиглэддэг байсан юм билээ. Тэгээд одоо эхнэр нь өөд болчихсон болохоор өөрсдийн тэр л дотно мөчүүдийг үгүйлдэг гэсэн." —tinymountains


6. "Миний ажиллаж байсан газар ирсэн нэгэн залуу эр надтай секс хийхийг хүсээгүй. Тэр зөвхөн түүнийг тэврээд энхрийлж өгөхийг л хүссэн. 2 цагийн турш. Тэр бараг л юм яриагүй ч надад нэг зүйл ярьж өгсөн юм. 

Түүний эцэг эх эдлэнгийнх нь урдхан өөрсдийн байшинд амьдарч, тэр харин эдлэнгийнхээ захад өөрийн жижиг байшинд амьдардаг. Тэр бусад фермерүүдийн адил үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажилладаг. Тийм болохоор хүнтэй ярих нь ч ховрын зүйл. Тиймээс түүнд гадуур зугаацаж, эмэгтэй хүнтэй танилцах ч цаг байгаагүй гэсэн. 

Би түүнийг үнэхээр өрөвдсөн учир нь тэр үнэхээр ямар ч нийгмийн харилцаанд орох чадваргүй нэгэн болчихсон байсан." —angelofjag


7. "Надад хижээл насны нэг эрэгтэй үйлчлүүлэгч байсан юм. Бид секс хийдэг байсан ч тэр намайг хөлслөсөн цагийнхаа 95 хувьд ердөө л ханьтай байхыг хүссэн. Би түүнтэй хүнс цуглуулахаар явж, гадуур хооллож, гэрт нь очоод тэврэлдэн хэвтэж, кино үздэг байсан. Тэр надад нас барсан гэр бүлийнхнийхээ тухай, хүүхэд насанд тохиолдож байсан явдлууд, онгоцны нисгэгчийн үнэмлэх авахдаа сурсан зүйлсийнхээ тухай ярьж өгдөг байсан. 

Түүнийг үхэхэд би оршуулганд нь оролцсон. Ердөө л ханьтай байхыг хүссэн тэр ялдам, ганцаардсан эрийг би хэзээ ч мартахгүй." —Sydacious


8. "Энэ явдал Өмнөд Солонгост болсон юм л даа. Нэг хүн шөнө дунд залгаад нэлээн өндөр үнэ хэлж байсан. Би заасан газар нь очиход нэг залуу зүгээр л миний гуяыг дэрлээд амрахыг хүссэн." —Longjumping-fun8908


9. "Өглөөний 6:30-д миний утас дуугарсан юм. Би түүний өрөөнд очиход хэдийн 7:30 болж байсан бөгөөд гайхмаар нь тэр өндөр, биеэрхүү 30 шахсан л залуу байсан. Архи ууж байсныг нь хэлүүлэлтгүй мэдэж болохоор.. 

Бид түүний орон дээр сууж, би аль болох л хөгжилтэй цовоо байхыг хичээн элдэв янзын асуулт асууж эхлэхэд тэр нүдээ хавдтал уйлж эхэлсэн. Түүний хэлснээр тэр аавынхаа оршуулгад оролцохоор ирсэн бөгөөд сэтгэл хөдлөлөө барьж хорьж дийлэхээргүй болоход ядаж л хэн нэг хүнтэй цуг баймаар санагдахдаа намайг дуудсан гэсэн. Тэгээд би түүнийг тайвширтал цуг байж, уй гашууг нь хуваалцаж, ярилцаж, хэсэг түүнийг тэвэрч өгсөн." —smokeyxxx


10. "Онлайнаар биеэ үнэлэгч байна аа. Би олон сонин зүйлс хийдэг л дээ. Гэхдээ надад гунигтай санагддаг зүйл нь юу гэвэл залуус өөрсдийн хачирхалтай секс сонирхлын тухай бодит амьдрал дээр хэнтэй ч хуваалцаж чаддаггүй бөгөөд хэзээ ч хүслийг нь хангах хүн олохгүй гэдэг юм." —AlenaLaskova


11. "Би бол тайчигч. Нэг удаа залуухан, дур булаам, хөрнгө чинээтэй залуу намайг тусгай өрөөнд дагуулж ороод Брюс Спрингстийний дууг цуг сонсож байсан. Тэр зүгээр л тэнд суудлаа налж суугаад нүдээ аньж, үг бүрийг нь алдахгүй дуулж байсан юм. 

Тэр хэлэхдээ маш зарчимч гэр бүлд өссөн бөгөөд түүний хүсэл сонирхолыг үргэлж үл хүндэтгэн хориглодог байж л дээ. Тэгэхэд тэр Брюсийн дуунуудыг сонсож, дууных нь үгс түүнд итгэл найдвар, хүч өгснөөр өсвөр насандаа гэрээсээ явсан юм билээ. Тэрнээс хойш залуу маш амжилттай ажиллаж, жаргалтай байсан ч тэр үдэш зүгээр л хэн нэгэнтэй өөрийн түүхээ хуваалцаж, дуртай дуугаа цуг сонсохыг хүссэн байсан." —BambiMonroe


12. "Намайг тайчигчаар ажиллаж байхад нэгэн хижээл насны, хослол өмсчихсөн, үнэхээр харц булаасан эр намайг хөлслөсөн юм. Биднийг тусгай өрөөнд ороход тэр хувцасаа тайлж эхэлсэн. Хослолын дотуур тэр хөхөвч, дотуур өмд өмссөн байснаар нь би түүнийг өөрийн бэлгийн чиг хандлагад эргэлзэж яваа нэгэн гэдгийг мэдсэн юм. 

Тэр эхнэртэй гэдгээ, эхнэр нь түүний бэлгийн чиг хандлагын тухай юу ч мэдэхгүй гэдгийг бас энэ бүх нөхцөл байдал түүнийг амьдаар нь тарчлааж байсан тул хэн нэгэнтэй ярилцмаар байсан тухайгаа надад хэлсэн. Бид түүний намайг хөлслөсөн цагийг цугтаа өнгөрүүлж, загварын тухай ярилцсан." —PressureAwkward


13. "Надад өмнө нь огт биеэ үнэлэгч хөлсөлж үзээгүй нэг үйлчлүүлэгч таарсан юм. Тэр надтай оройн зоог цуг барихаар захиалга өгсөн бөгөөд хооллож байх үед тэр уйлчихсан. Өөрийгөө захирч чадахгүйд хүрсэн нь тэр байсан юм. Тэр саяхан салсан тухайгаа хэлсэн бөгөөд түүний ярианаас сонсоход эхнэртээ одоог хүртэл хайртай санагдсан ч, эхнэр нь аль хэдийн өөр хүнтэй сүй тавьчихсан гэсэн... 

Тэр өдрөөс хойш би түүнээс сураг сонсоогүй юм. Миний амьдрал ч завгүй болчихсон. Тэгээд хэдэн жилийн дараа би яагаад ч юм түүнийг санаж, хайхад надтай уулзснаас хэдэн долоо хоногийн дараа үхсэн гэдгийг нь олж мэдсэн. Миний бодлоор тэр амиа хорлосон байх. Надад энэ үнэхээр аймшигтай санагддаг." —smokeandshadows


Эх сурвалж: BuzzFeed