Засгийн газар өнгөрсөн оны сүүлийн хуралдаанаараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч ямар шалтгаанаар чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар дэд сайд асан Б.Энхбаяр "Өөрөө өргөдлөө өгөөгүй. Таалагдахгүй байна гэсэн үндэслэлээр чөлөөлснийг хэвлэлээс мэдлээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэсэн байдаг.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дараагийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ.

Ганбатын Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. 

Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.