30 жилийн дараах "Kорейн Эйр" компанийн монополчлолыг халж Солонгосын хоёр дахь том авиа компани Asiana Airline Монголд орж ирэхээр болжээ.

Сөүл Улаанбаатарын нислэгийн чиглэлд олон компани өрсөлдөж тус компани албан ёсоор эрхээ авсан талаар БНСУ-ын Засгийн газар мэдэгдэв. Энэ талаар Asiana Airline компанийн захирал "Бид нислэгтээ бэлдээд шаардлагатай бэлтгэл ажлыг хийж байна" гэжээ.

Asiana Airline компани долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болсон бол Air Busan компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болсныг Yonhap News мэдээлжээ. 

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан бас нэгэн чиглэл нэмэгдэж байна. Энэ бол Эрхүү Улаанбаатарын чиглэл юм. Тус чиглэлд ОХУ-ын "Ангара" авиа компани тасалбараа зарж эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 14-нөөс эхлэн 7 хоногт 2 удаа /мягмар, бямба гарагт/ нисэж эхлэхээр болжээ. 

75 хүний суудалтай Ан-148-100 Е онгоц тус чиглэлд нислэг үйлдэх нь. Тасалбарын үнэ нь 8943 рубль байна гэж www.angara.aero мэдээлсэн байна.