Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ. Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлэгшээдэг байна. Иймд иргэд та бүхнийг мөсөн сур харваж шагайгаар наадан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцан айлчлан ирж буй Шар Нохой жилийн аз хийморийг шинжихийг урьж байна.

Мөн залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй орчин үеийн спорт болох снөүбоард, рагби, тэшүүр, мөсөн хананд авиралтын үзүүлбэр тэмцээнүүдийг сонирхож өвлийн дугуй, нохой чаргаар гулган амьтадтай зураг даруулж амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлээрэй.

Гэр бүл найз нөхдийн хамт хүрэлцэн ирснээр гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнүүдэд оролцон мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчоор шалгаран шагналын эзэд болох боломжтой. Үүнээс гадна 3,5 метрийн диаметртэй том тогоонд мастер тогооч нар цуйван сэгсэрч хоолны шоу үзүүлбэр үзүүлэн хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна.

Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцохыг иргэд нийслэлчүүддээ уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ-2018”

арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хөтөлбөр

Цаг

Болох арга хэмжээ

 

12.00-12.05

 

Нээлт

/Хөтлөгч нээнэ. Нээлтэд албаны төлөөлөл, гадаадын зочид, өвлийн спортын бүх холбоод, тамирчид, иргэд хүрэлцэн ирсэн байна/

12.05-12.10

Урлагийн тоглолт

/Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/

 

12.10-12.15

 “Улаанбаатарын өвлийн наадам-2018” арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэлнэ

12.15-12.25

Гадаадын төлөөлөгчид үг хэлнэ

/ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид/

12.25-12.35

Урлагийн тоглолт /Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/

 

12.35-12.55

“Амин тоонто” төрийн бус байгууллага иргэдтэй хамт ёохор хатирах

 

12.55-13.10

Үндэсний хувцастай иргэдийн шалгаруулалт, шагнал гардуулах

 

13.10-13.20

Хоолны шоу үзүүлбэр /Цуйван сэгсрэх/

 

Тусгай талбайнуудад зохион байгуулагдах арга хэмжээ

/Сонирхогчийн тэмцээний шагналуудыг тэмцээн зохион байгуулсан талбайд тухай бүрт гардуулна/

11.00-17.00

-Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн

-Снөүбоардын үзүүлбэр, тэмцээн

-Гэр бүлийн буухиа тэмцээн

-Олс таталтын тэмцээн

-Цанын сонирхогчийн тэмцээн

-Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн 

-Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

Үзүүлбэр, үйлчилгээ

-Тэшүүрийн үзүүлбэр

-Параглайдингийн үзүүлбэр

-Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад

-Нохой чарганы үйлчилгээ

-Өвлийн дугуйны үйлчилгээ

-Амьтадтай зураг авахуулах үйлчилгээ

-Халуун хоол ундааны үйлчилгээ

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөтөлбөр

12.00-12.05

Нээлт /Хөтлөгч нээнэ/  

 

12.05-12.10

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх үг хэлнэ

 

12.05-12.10

Урлагийн тоглолт /Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/

 

12.15.12.45

Хороодын үндэсний хувцастай иргэдийн парад

 

12.45-13.00

Урлагийн тоглолт /Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/

 

13.00-13.10

Хороод болон үндэсний хувцастай иргэдийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол

Тусгай талбайнуудад зохион байгуулагдах арга хэмжээ

/Сонирхогчийн тэмцээний шагналуудыг тэмцээн зохион байгуулсан талбайд тухай бүрт нь гардуулна/

11.00-16.30

 

 

-Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн

-Снөүбоардын үзүүлбэр, тэмцээн

-Гэр бүлийн буухиа тэмцээн

-Олс таталтын тэмцээн

-Цанын сонирхогчийн тэмцээн

-Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн 

-Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

Үзүүлбэр, үйлчилгээ

-Тэшүүрийн үзүүлбэр

-Параглайдингийн үзүүлбэр

-Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад

-Нохой чарганы үйлчилгээ

-Өвлийн дугуйны үйлчилгээ

-Амьтадтай зураг авахуулах үйлчилгээ

-Халуун хоол ундааны үйлчилгээ

16.00-16.30

Шатрын тэмцээний финалын тоглолт /Хамгийн том шатрын хөлөг дээр зохион байгуулагдана/

16.30-17.00

Шагнал гардуулах ёслол

-Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга

 

-Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга

 

-Регбигийн Улаанбаатарын цомын аварга шалгаруулах тэмцээний аварга

 

-Шатрын тэмцээний аварга