2021 оны 4, 5, 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Дөрөвдүгээр сард

Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Архангай, Хэнтийн баруун, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0-8 градус хүйтэн, Ховд, Говь-Алтайн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар 6-12 градус дулаан, бусад нутгаар 0-6 градус дулаан байдаг. 

4 дүгээр сарын агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Дундговийн өмнөд, Хэнтийн өмнөд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 8-10 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 2-4 мм, бусад нутгаар 4-8 мм хур тунадас ордог. 

4 дүгээр сарын нийлбэр хур тунадас Увсын өмнөд, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн баруун хойд, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун, Өвөрхангайн хойд хэсэг болон Архангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. 


Тавдугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Архангайн баруун, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 6 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-22 градус дулаан, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг. 

Ирэх 5 дугаар сарын агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 25-30 мм, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр 4-10 мм, бусад нутгаар 10-24 мм хур тунадас ордог. 

5 дугаар сарын нийлбэр хур тунадас Завханы нутаг, Увсын зүүн өмнөд, Ховдын зүүн хойд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Булган, Сэлэнгэ, дорноговийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Өмнөговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


Зургаадугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +2...+10°С, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Ховд, Говь–Алтай, Дорнод, Сүхбаатарын зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр +21...+25°С, бусад нутгаар +12...+20°С байдаг. 

Энэ оны 6 дугаар сарын агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсгээр 50-70 мм, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр 2-20 мм, бусад нутгаар 21-48 мм хүртэл хур тунадас ордог байна. Ирэх 6 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.  


Зөвлөмж 

Агаарын дундаж температур дөрөв, тавдугаар саруудад зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөв, тавдугаар саруудад Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, тавдугаар сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 6 дугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. 

Мөн дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15м/с-ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурах болзошгүй бөгөөд тав болон зургаадугаар сарын эхээр хуурайшил ихтэй байх тул аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, гал, цог, нурмыг бүрэн унтрааж, болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.