“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасан. Ингэснээр нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож буй. Энэ нь нийт 1 их наяд 80 тэрбум төгрөг юм. Энэхүү мэдээллийн дараа брокер дилерийн компаниудад хэт их ачаалал үүсээд байгаа аж. Уг мэдээлэл зарлагдсан 4 хоногийн дотор 59 гаруй мянган иргэн бүртгүүлжээ. Иймээс “Эрдэнэс тавантолгой" ХК Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлаар шинэ төрлийн коронавирусийн онцгой дэглэмтэй энэ үед хүмүүс нэг дор цуглахгүйгээр, брокер дилерийн компанид өөрийн биеэр очилгүйгээр бүртгүүлэх явуулах боломжийг танилцуулсан юм. 

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

Иргэдэд хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. 10 жил дуншсан хувьцаа нэг ёсондоо амь орж байна. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа 4 дүгээр сарын 1-нд хийнэ. Үүний дараа Төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан иргэдэд олгоно. Иргэдэд хүнд суртал учруулахгүйн тулд 5-6 компани онлайнаар дансаа нээх боломжийг олгож эхэлсэн. Үүний дараа брокер дилерийн компаниудаар дамжуулан дараагийн шатын ажил эхэлнэ. Данс нээгдэснээр та бүхэнд хөрөнгийн зах зээл рүү орох 2 дахь суваг нээгдэж байгаа юм. Үүний дараа бид гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гарах ажлыг зохион байгуулна. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, борлуулах, худалдан авах арилжаа шийдэгдэнэ.

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Б.Өлзийбаяр:

Сонгууль болгоноор брокер дилерийн компанид ачаалал үүсдэг. Иргэдэд хандаж хэлэхэд 1072 хувьцааны дансаа нээх гэж яарч сандрах хэрэггүй. Дараа нь магадгүй 8, 9 дүгээр сард ч гэсэн дансаа нээгээд ногдол ашигаа авах бүрэн боломжтой шүү. Бас нэг зүйлийг анхааруулах ёстой. Ногдол ашгийн албан татвар гэж бий.  ЭТТ ХК нэгж хувьцаанд 90 төгрөг тараахаар болсон. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа татварын тухай хуулиар 10 хувийг нь авдаг. Ингэснээр таны гар дээр бэлнээр нэгж хувьцаа 81 төгрөг болно гэсэн үг. Иргэдэд зөвлөж хэлэхэд хүүхдүүдийнхээ ногдол ашгийг аваад худалдан авалт хийгээд дуусгах биш ирээдүйд нь хөрөнгө оруулахыг захиж байна. Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр 200 гаруй компани байна. Эдгээр компаниудад хөрөнгө оруулж болно. АПУ, орон нутгийн өмчит Таван толгой ХК -ийн хувьцаа гэхэд анхны нэрлэсэн үнээсээ 6000 дахин өсчихсөн. Иймээс хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Бид онцгой дэглэмийн үед бүх аймаг сумдад хувьцааны данс нээх төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн. Ингэснээр энэхүү төхөөрөмжөөр иргэний үнэмлэхийн QR код болон хурууны хээгээ уншуулан, ногдол ашиг авах банкаа сонгоно. Мөн холбоо барих утасны дугаараа үлдээж, гэрээтэйгээ танилцаж төлбөрөө хийх боломжтой.