Агт араа шүд ургах үед юу болох вэ, яагаад авахуулах ёстой талаар "UB dent" шүдний эмнэлгийн их эмч Б.Ганхуягийн зөвлөгөөг хүргэж байна. 

Энэ үед шүд гүйцэн, буйл зузаарсан байх тул нэмж ургасан шүд буйлыг аажмаар цоолон гарах гэж өвдөлт үүсгэдэг байна. Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролттой хавсран явагддаг.

Ямар тохиолдолд авах шаардлагатай вэ?

• Шүд буйлаа цоолж цухуйсан ч бүрэн гарч ирэхгүй байх. Энэ тохиолдолд хажуугийн шүдний ёзоорт муугаар нөлөөлж мэднэ.

• Шүд гүйцэд гарч ирэхгүй байх. Ариун цэвэр дутуу сахиснаас болж нян үржиж, амны хөндийн төрөл бүрийн өвчлөлд өртөж болзошгүй.

• Хэрвээ агт араа гарч ирэх хангалттай зай байхгүй бол (хажуугийн шүднүүд сууриндаа чанга бэхлэгдсэн бол) гарч ирэхдээ хажуугийн шүдийг түлхэж, муугаар нөлөөлөх магадлалтай.

• 25-ны агт араа орчим өвчин мэдрэгдвэл.

• 25-ны агт араа орчмын буйл байнга үрэвсээд байвал.

• Хавагнавал.

• Шүд өвдөж хорхойтвол.

• Хажуугийн шүд хорхойтож, 25-ны агт араа үйрч унавал.

25-ны агт арааны ариун цэврийг бүрэн хангаж байхаас гадна жилдээ нэг удаа эрүүний рентген зураг авахуулж байгаа бол хөндөлгүй үлдээх боломжтой. Энэ тохиолдолд 25-ны агт араанаас үүсч болох бүхий л хүндрэлийг мэдэж байвал зохилтой. 

Ямар нэгэн байдлаар таагүй мэдрэмж төрж эхэлбэл авахуулах тухай бодож болно. Эмч нарын хувьд 25-ны агт арааг эртхэн авахуулахыг санал болгодог. Учир нь 25 наснаас хойш хүний яс бүрэн бэхэждэг тул шүд авахад улам хүндрэлтэй болдгоос гадна авахуулсан шүдний буйл удаан эдгэдэг гэж үздэг ажээ.