"Platinum dental clinic" эмнэлгийн эрүү, нүүрний гажиг заслын их эмч Л.Хэрлэнтуултай ярилцлаа. 

-Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хэр байна вэ?

-Хоол боловсруулах замын хамгийн эхний шат амны хөндийгөөс эхэлдэг. Амны хөндийн эрүүл ахуй алдагдсанаар их хэмжээний цооролт үүсэж шүдний бүрэн бүтэн байдал алдагддаг. Үүнээсээ болоод хүүхдүүд хоолыг гүйцэд идэж чадахгүй байна гэсэн үг. 

Ялангуяа эцэг эхчүүд хүүхдийнхээ сүүн шүдийг дахиад ургачихна гээд авхуулчихдаг. Эмчлэхдээ тун хойрго ханддаг. Гэтэл тэр бяцхан хүүхэд нь хоолыг буйлаараа л зажилдаг гэдгийг анзаардаггүй. Хүн буйлаараа зажилж хоол хүнсийг буталж, жижиглэж идэх ёсгүй шүү дээ. 

Бас үзүүлж байгаа 10 хүүхдийн бараг 7 нь шүдний гажигтай ирж байна.

Япон ээж аавууд хүүхдээ хооллосны дараа заавал шүдийг угаалгадаг дадлыг суулгачихсан байдаг. Тиймээс хүүхэд болгон цүнхэндээ хүртэл оо сойзтой явдаг бөгөөд үдийн цайныхаа дараа заавал угааж хэвшсэн байдаг ажээ. Үүнийхээ ачаар Япончууд дэлхийн хамгийн эрүүл шүдтэй гэгддэг.


-Шүдний гажиг үүсэх шалтгааныг дурдвал...?

-Буруу дадал зуршлуудаас болж шүдний гажиг үүсдэг. 

Жишээ нь бага насны хүүхэд хуруугаа хөхөх, шанаагаа тулах, байнга үзэг бал амандаа зуух, хумсаа мэрэх, угжаар гурван нас хүртэл хооллох зэрэг нь нөлөөлж байдаг. 

Балчир хүүхдүүдэд хэллээ ч үр дагаврыг ойлгож мэдэхгүй шүү дээ. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ буруу дадал зуршлыг сайтар анзаарч байх хэрэгтэй. Үүнийг анзаараагүйгээс хүүхдийнх нь шүдний гажиг хүндэрч нүүрний зөв хэлбэр нь алдагдаж, эрүү хоншоорын хөгжил нь буруу буюу хэт орсгой, шаамий болсны дараа эмнэлэгт хандаж байгаад харамсдаг. 

Шүд гэдэг наана харагдаж байгаа хэдхэн цагаан эд биш шүү дээ. Хүний дүр төрхийг, харагдах байдлыг эрс өөрчилдөг. 

-Хүүхдээ шүдний гажигтай болгохгүйн тулд эцэг эхчүүд заавал анхаарах ёстой энгийн дадлыг зөвлөхгүй юу? 

-Бага насны хүүхдүүдтэй гэр бүлийн ихэнх нь хоолыг нь буталж, миксердэж өгдөг болсон. Дандаа шингэн хүнс өгөх нь шүдний гажиг өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна. Чанасан махыг гэхэд түргэн болгогчид хэт болголгүйгээр бага зэрэг зажлууртай байхаар чанаж хүүхдэдээ сайтар зажлуулаарай. 


-Ааруул цагаан идээ гээд хатуу зүйл идэх ёстой байх нь ээ?

-Хатуу идэх зүйл зөвхөн ааруул, ээзгий гээд цагаан идээгээр хязгаарлагдахгүй. Лууван, өргөст хэмх зэрэг шаржигнуур төрлийн хүнсний ногоонууд ам тойрсон булчинг ажиллуулдаг гэдгээрээ давуу талтай.

Сүүлийн үед хэл, уруулын хөвч богино хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. 

Уруулын хөвч богино байх нь дээд үүдэн шүднүүд хоорондоо зайтай ургах шалтгаан болдог.Тараг уусны дараа аягаа долоох нь энэ төрлийн гажгаас сэргийлэх,  ам тойрсон зажлуурын булчинг ажиллуулах эртний бас энгийн гол нь үр дүнтэй арга юм шүү дээ. 


-Хэдэн наснаас эхэлж аппарат зүүвэл шүдний гажиг үр дүнтэй засагддаг вэ?

-Шүдний гажиг үүсгэхгүйн тулд хүүхдийн сүүн шүдний арчилгааг маш сайн хийх хэрэгтэй. Цаг нь болоод унахад нь заавал зай баригч хийлгэх нь үр дүнтэй байдаг.

Авагддаг аппаратыг сүүн шүд буюу холимог зуултын үед хэрэглэхэд үр дүн сайтай байдаг. 5,6 наснаас эхлээд 11,12 насны хүүхдүүдийн шүд авагддаг аппаратаар засагдах боломжтой. 

Шүдний аппарат ирээдүйд хүнд хэлбэрийн гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой, хоншоор эрүүний хөгжлийг зөв чиглүүлдэг гэдгээрээ давуу талтай.

Бүх шүд нь ургаж дууссан, 13 наснаас дээш насныханд авагддаггүй аппаратын тусламжтайгаар шүдний гажгийг засдаг.

-Шүдний гажиг заслын аппарат зүүхэд хэр төвөгтэй вэ?

-Хүмүүс аппарат тавиулах хэцүү юу гэж их асуудаг юм. Мэдээж шүдэн дээр тодорхой хугацаанд наагдаж байгаа гаднын биет учраас дасах хугацаа гэж бий. Аппарат тавиулснаас 5-7 хоногтоо бага зэрэг зовуурилна. 

Шүдний гажгаас хамааран аппарат зүүх хугацаа харилцан адилгүй байдаг. Дунджаар 1 – 1,5 жилийн хугацааг зарцуулдаг.


-Энэ чиглэлээр ажилладаг эмч хүний хувьд хүмүүст заавал хэлж, захимаар зүйл байдаг уу?

-Зарим хүмүүс ар гэр, үр хүүхэд, ажил төрөл гэж явсаар амны хөндийн эрүүл мэндээ орхигдуулчихдаг. “Одоо л нэг анхаарч, шүдээ эмчлүүлэх гэсэн юм” гэсээр ирж байгаа хүмүүсийг анзаарахад оройтчихсон байдаг. Харамсалтай шүү дээ, жаахан л эрт ирсэн бол эмчлүүлчих боломжтой. Тиймээс тартагт нь тулгачхаад ирэх биш, аль болох эрт эмнэлэгт хандахыг зөвлөмөөр санагддаг юм. 

Зарим хүн шүдээ авхуулахаас айгаад ам дүүрэн ёзоортой явдаг юм билээ. Ийм үйлчлүүлэгчтэй цөөнгүй таарсан.

Ёзоор бол тэр чигээрээ нян бактерийн үүр шүү дээ. Ийм шүдтэй бол өдөр тутамдаа хоолтойгоо холиод ходоод руугаа тэр их нян бактери идэж байна гэсэн үг. Цоорол ч бас мөн адилхан. Энэ нь алсдаа бөөр, элэг зэрэг олон өвчлөлийн шалтгаан болдог. Иймээс эмчлүүлэх цагаа хэзээ ч бүү хойш тавиарай.

40-өөс дээш насныхан тэр дундаа эмэгтэйчүүд арьсаа татуулчихвал гоё болчихно гэж боддог, гоо сайхны эмнэлгээр л үйлчлүүлээд байдаг. Уг нь хүний нүүрний хөгшрөлт, булчингийн сулрал, унжилт, амны булан унжих нь шүд дутуу, буруу зуултаас болж үүсдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. 


-Шүдээ эмчлүүлэх нь хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг хэр нэмэгдүүлдэг вэ?

-Охиноо дагуулж ирсэн ээж “Манай охин хөөрхөн гэхдээ шүднээсээ болоод инээж, чаддаггүй юм” гэж хэлж байсан. Аппаратаа зүүгээд шүдний гажиг нь маш сайн засагдсан. 

Хүүхдүүд тэр дундаа өсвөр насныхан шүд нь тэгшрээд, зөв хэлбэртэй болоод ирэнгүүт өөрийн эрхгүй өөртөө итгэлтэй болчихдог. Эмчээ баярлалаа гээд инээмсэглээд ороод ирэхийг хараад мэргэжлээрээ бахархдаг. 

Шүдний гажгийг засна гэдэг тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл зүйд ч эергээр нөлөөлдөг чухал ажил.


-Сүүлийн үед хүн болгон “Hollywood smile”-ийн талаар ярих болжээ. Үүнийг хүн болгон хийлгэж болох уу?

-Миний хувьд тухайн хүндээ тохирсон эмчилгээ, үйлчилгээг л санал болгодог.  Түүнээс биш хүн бүрт “Hollywood smile” санал болгох нь өрөөсгөл ойлголт юм. Үүнийг буруутгаж байгаа юм биш. Заавал хийх шаардлага, онцлог гэж бий. 


-Хүмүүсийн санаа зовдог зүйл бол амны эвгүй үнэр. Амны эвгүй үнэр гарах шалтгааны нэг нь шүдний өвчлөл мөн үү?  

-Амнаас эвгүй гарах хэд хэдэн шалтгаан байдаг. 

Нэгдүгээрт нь амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа, цэвэрлэгээ хангалтгүйгээс болж шүдэн дээр маш их хэмжээний өнгөр чулуу хуримтлагдсантай холбоотой. 

Хоёрдугаарт нь өвчлөлттэй шүд, ёзоорууд олон байвал амны үнэр салдаггүй.

Гуравдугаарт өнгөрөө цэвэрлэж дадаагүйтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс шүдээ угаачхаад хэлээ бараг цэвэрлэдэггүй. Байнга шүдээ дутуу угааж цэвэрлэхгүй явснаас болоод өнгөр нь хатуужиж зузаарна. Энэ өнгөр нь буйл доорх, дээрх чулуу үүсгэж амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог.


-Амнаас нь эвгүй үнэр үнэртдэг гэж ханддаг хүмүүс байдаг уу?

-Амны эвгүй үнэрээ мэдээд ирж байгаа хүмүүс бий. Мэдэхгүй тохиолдлууд ч их байна. Эмзэг асуудал шүү дээ. Амны хөндийн угаалга, цэвэрлэгээндээ анхаарал хандуулбал ийм асуудлаас хол байна шүү дээ.