"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ нимгэн халаад, шаахай өмсүүлсэн зэргээр хүний олон эрхийг зөрчсөнийг иргэд эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тайван жагссаар байна.

Уг асуудлаар Засгийн газар хуралдсан юм. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатарыг огцруулахаар болжээ. 

Я.Содбааатар:

УОК-ын удирдлага огцорч байгаагаа мэдэгдэж байна. Өчигдрийн явдалд гүнээ харамсаж чинээ сэтгэлээсээ уучлал хүссэн. Хэдийгээр шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэсэн хүнлэг бус сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Энэ ажлыг гүйцэтгэх хугацаандаа хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарыг өнгөрүүлсэн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаа, оноотой ч COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл, нөхдийн хичээл зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэгээр нэрлэгдэж байгаа. Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй, цар тахал нийтийн өвчлөл болоогүй.Тун удахгүй COVID-19 халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна. Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна" гэв.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан. Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно