Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлах байранд нийт 3837 иргэнийг тусгаарласан. Одоо 2390 иргэн тусгаарлагдаж байна. Тэдэнд 320 эмч, эрүүл мэндийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа. 

Түргэн тусламжаар хоногт 1603 дуудлага хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Дийлэнх нь 5 хүртэлх насны хүүхдийн дуудлага, мөн төрөлт, архи, гэмтэлтэй холбоотой дуудлага байсан. Төмөр замын эмч, мэргэжилтнүүд галт тэргэнд үйлчилгээ үзүүлж байгаа. 14 эмч, бага эмч нар галт тэргээр зорчиж буй нийт 3152 иргэний халууныг үзэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. 

Тусгаарлах байранд ахалж байгаа эмчийн өгсөн дуудлагаар бусад төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдээс эмч нар очиж, шаардлагатай тусламж үзүүлж байна. Тусгаарлагдан ажиглагдаж буй иргэдэд халуун бууруулах болон өвдөлт намдаах эм огт оруулахгүй байгаа. Чихрийн шижингийн эсрэг, артерийн даралт бууруулах зэрэг бусад хэрэглэдэг эмүүдийг нь оруулж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ажиллаж буй нийт 52.274 эмч, эмнэлгийн мэргэжилтэн маань тогтмол үйлчилгээгээ үзүүлж байна. Үүнээс гадна сургууль нь орохгүй, онлайнаар хичээлээ үзэж, орон нутагтаа байгаа оюутнууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд оролцох хүсэлт нэлээд ирүүлж байна.

Тухайлбал, Сувилахуйн сургуулийн 1200 оюутан багш нартайгаа хамт байгаа байгаа орон нутгийнхаа эмч нартай хамтарч, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд чаддаг бүх зүйлээрээ туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэд даваа гарагаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд оролцоно.

Мөн бид эмнэлгүүд дээр стресс менежментийн сургалтыг онлайнаар орж байна" хэмээлээ.

Гуравдугаар сарын 27-ны байдлаар дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн нийт 512.701 тохиолдол бүртгэгдэж, 23.495 хүн нас барсан байна. Манай улсын хувьд 12 дахь тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр мэдэгдсэн бөгөөд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд юм.