Б.Баясгалан
04 сарын 18, 2021
Монгол Улсын Засгийн газар улсын хилийг шат дараатай нээж буйтай холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нислэгийн тийз захиалгыг энгийн горимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд 5 дугаар сарын нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд ЭСЯ-нд нутаг буцах бүртгэлийн жагсаалтаас үл хамааран авиа компаниудад шууд хандан тасалбараа худалдан авч нутаг буцна. Цаашид тус ЭСЯ нутаг буцах иргэдийн бүртгэл хийхгүй гэж БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлллээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгтэй холбоотой мэдээлэл
- МИАТ ТӨХК 2021 оны 5 дугаар сарын 05, 21-ний өдөр транзит болон Сөүлийн чиглэлийн зорчигч, 5 дугаар сарын 07, 13, 19, 29-ний өдрүүдэд зөвхөн Сөүл-Улаанбаатрын чиглэлд зорчигч тээвэрлэх бөгөөд нийт 6 нислэг үйлдэнэ.
- БНСУ-ын “Asiana airlines” 5 дугаар сарын 01-нд, “Korean airlines” 5 дугаар сарын 11, 27-нд, Бусан-Улаанбаатарын чиглэлд “Air Busan” 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус нислэг үйлдэнэ.
- Коронавирусийн шинжилгээ өгөх тухай -
- Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна.
- Нислэгийн өдрөөс өмнө 72 цагийн дотор коронавируст халдварын PCR шинжилгээнд хамрагдаж, хариу нь “сөрөг” гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
- Коронавирусийн шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.
- Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно. Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.
- ТУСГААРЛАЛТЫН ТУХАЙ –
- Гадаад улсаас ирж байгаа Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж, 3 болон 6 дахь хоногт “PCR”-ын шинжилгээ авна.
- Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 2 удаагийн “PCR”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгана.
- Коронавируст халдварын эсрэг вакцины бүтэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл коронавируст халдвар авч, эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй. Халдвар авч байсныг эсрэг биеийн шинжилгээний хариугаар нотолсон байна.
- ТУСГААРЛАХ БАЙР, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –
- Нислэгийн тийз захиалахаас өмнө тусгаарлах байрны 7 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 350,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 360,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 210,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 220,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлсэн байна.
- Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
- Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.
- https://tabinfo.mn сайтаас тусгаарлах байрны дэлгэрэнгүй мэдээллэлтэй танилцана уу.
Тавдугаар сард хэвийн горимоор үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг ЭНД дарж харна уу.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.