Дижитал бүтээгдэхүүний UXUI дизайны шийдэл боловсруулдаг агентлагууд хамтран "Digital Product Conference" арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 UXUI дизайны салбарыг хөгжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээд UXUI дизайнер, төслийн менежер, хөгжүүлэгч, дижитал бүтээгдэхүүний эзэмшигч зэрэг технологийн салбарын мэргэжилтнүүд оролцох боломжтой юм. 

"Digital Product Conference" чуулган нь энэ жил “Design driven Company | Product | Culture” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны хувьд үндсэн арга хэмжээ, шагнал гардуулах хэсэг, уулзалтын цаг гэсэн гурван хэсэгтэй байх юм.

Урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус чуулганд дотоодын дижитал салбарын экспертүүд болон "Google", "Microsoft" зэрэг олон улсын байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтнүүд оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа нээлттэй хуваалцах юм. Мөн энэ жилийн хувьд хөгжүүлэгч ба дизайнеруудын ойлголцол, дижитал тоглоом, дижитал бүтээгдэхүүний салбарын ойрын 10 жилийн ирээдүй, хиймэл оюун ухаан, метаверс ертөнц зэрэг шинэ, сонирхолтой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдана.

Түүнчлэн чуулганы үеэр Монголд анх удаа "Хамгийн шилдэг UXUI шийдэл бүхий мобайл аппликейшн"-ийг шалгаруулж, шагнал гардуулна. Энэ нь ирэх жилүүдэд UXUI дизайны салбарын хөгжлийг хурдасгах, байгууллагууд UXUI шийдэлдээ илүүтэй анхаарч, хэрэглэгч төвтэй дизайны шийдэл бүхий дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагч нарын зүгээс итгэж байгаа юм.

Та тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын топ UXUI дизайн агентлагуудын мэдээллийг нэг дор авахаас гадна тэдгээр байгууллагуудын хийсэн ажил, туршлагатай танилцаж, мэргэжилтнүүдтэй уулзан зөвлөгөө авч, энэхүү салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй академи болон сургалтын төвүүдийн мэдээллийг олж авах боломжтой.

Арга хэмжээний оролцогчид хоорондоо танилцаж, уулзах үеэр та илтгэгч, панелистуудаас асуухыг хүссэн асуултаа асууж, туршлага судлах боломж нээлттэй байх юм.

Хэрэв та өөрийн мобайл аппликэйшнээ "Хамгийн шилдэг UXUI шийдэл бүхий аппликэйшн" шагналд нэр дэвшүүлэхийг хүсвэл энэ холбоосоор орж материалаа бөглөөрэй.

Үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эвентийн цахим хуудас болон фейсбүүк хуудсаас авах боломжтой.