Э.Цогт: Чанартай UX-тэй дижитал бүтээгдэхүүний борлуулалт 400 хүртэлх хувиар өсдөг

 “Procraft” агентлагийн үүсгэн байгуулагч, UXUI дизайнер Э.Цогттой ярилцлаа. Тэрбээр дижитал бүтээгдэхүүний дизайны салбарт түүчээлэгчдийн нэг бөгөөд арав гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.


-UXUI дизайнер чухам ямар ажил хийдэг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хамгийн товчоор аливаа дижитал бүтээгдэхүүнийг хэрэглэхэд илүү хялбар, таатай болгоход нь тусалдаг ажлыг нь хийдэг.

Жишээ нь банкны аппликэйшнээр гүйлгээ хийх нь бидний өдөр тутмын л хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр банк хоорондын гүйлгээ юу,  дансны дугаарыг нь хуулж бичих үү, эсвэл шууд бичих үү гэх мэт нэлээд олон сонголт хийх хэрэгцээ гардаг.

Энэ бүх сонголтууд ашиглахад хялбар, ойлгомжтой байвал UXUI дизайн нь сайн хийгдсэн байна гэсэн үг.   

-UX болон UI дизайны гол ялгааг тайлбарлаж өгөөч…

-UI буюу "User interface" дизайн нь дижитал бүтээгдэхүүний өнгө, дүрслэл, элемент буюу хүний нүдэнд үзэгдэж буй хэсэг. Ерөөсөө бидэнд өдөр тутамдаа харагдаж хэрэглэгдэж байдаг бүх технологиудын удирдаж, харилцах дэлгэц юм. Жишээ нь АТМ, машины хөгжмийн дэлгэц гээд байнга хэрэглэдэг бүхэн хэрэглэгчийн  interface.


Харин UX бол тухайн бүтээгдэхүүний стратегиас авхуулаад цар хүрээ, бүтэц, араг яс, UI дизайн гээд бүгдийг нь багтаасан илүү өргөн ойлголт юм. UXUI биш, дан UX гэсэн ойлголтоор авч үзвэл энэ нь дан ганц дижитал бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй илүү өргөн ойлголт юм.

Миний хувьд UX талдаа илүү ажиллах дуртай. Учир нь миний ажил аливаа бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа хэрэглэгчдийн гол асуудлыг ойлгож, илрүүлээд түүнд тохирсон зөв шийдлийн эрэлд гардаг. 

Энэ аялал хэцүү ч гэсэн сонирхолтой, сорилт болгон нь амттай.



-UXUI сайтай эсэхийг нь мэдэж болох хамгийн энгийн шалгуур юу вэ?

-Байнга хэрэглэх дуртай, өөрийн эрхгүй ороод байгаа аппликэйшн, веб сайтууд танд бий юу. Энэ нь өөрөө UXUI сайтай байгаагийн нэг илрэл бас шалгуур. 

Хэрэглэхэд эвтэйхэн гэсэн сэтгэгдэл төрүүлж чадсан бол тархинд допамин ялгаруулж байнга хэрэглэх дадал үүсгэдэг.  

Бас та тухайн нэг аппликэйшнээр ороод юу болсон нь мэдэгдэхгүй, огт юм бодохгүйгээр зорилгоо маш хурдан биелүүлээд гарсан бол энэ нь бас маш сайн UX дизайнтай байна гэсэн үг.

“Сайн дизайн харагддаггүй” гэж үг байдаг. Хэрэглэхэд эвтэйхэн, хялбар, учраас л тэр. Харин эсрэгээрээ муу дизайн ойлгомжгүй байдлаараа анхаарал татдаг. Энэ нь яадаг юм бол гэж асуугддаг, стресс бухимдал төрүүлнэ, хэрэглэгч өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд илүү үйлдэл хийж их бодож цаг хугацаа зарцуулах шаардлага гардаг.

Үүн дээр л судалгаа, туршилт явуулж байнга төвлөрч ажиллаж байна.

-Апп гаргачихлаа, веб сайттай болчихлоо. Гэсэн хэдий ч борлуулалт муу байгаа компанид юу зөвлөх вэ?

-Хамгийн эхлээд хэрэглэгчдээрээ туршуулж үзсэн үү, уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон уу, дата дээрээ анализ хийсэн үү гэж асууна. Үүнээс л асуудлын шалтгаан буюу зөв онош гарна.  Энэ төрлийн асуудалтай компани дээр ажиллахдаа “Гоё л дизайнтай байх ёстой” гэдэг дээр хэт төвлөрсөн байдгийг анзаарсан.  

Эцсийн эцэст бүтээгдэхүүн хэрэглэгч төвтэй л байх ёстой. 

-Сайн дизайн борлуулалтыг өсгөдөг гэж ярьдаг. Үүн дээр судалгаа байдаг уу?

-Сайн UX дизайн өөрөө сайн бизнес гэдэг. Тийм ч учраас анхнаасаа чанартай UX-тэй бүтээгдэхүүн гаргах нь борлуулалтыг 400% өсгөдөг гэсэн тоон судалгаа бий.(эх сурвалж)

Мөн “The International Customer Experience Institute” (ICXI)-аас гаргасан судалгаагаар  дижитал бүтээгдэхүүний UX нь хэрэглэгчийн “Customer Experience”-н 45% -д нөлөөлдөг гэсэн байсан.

Ялангуяа ковидоос хойш дижитал бүтээгдэхүүний салбар эрчимтэй хөгжсөн шүү дээ.


-Энэ мэт дижитал бүтээгдэхүүний дизайны цаана ямар процесс өрнөж байдаг вэ?

-Зорилтот хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байлгах нь хамгийн чухал зорилго шүү дээ. Энэ зорилгодоо л хөтлөгдсөн ажлын арга барилаар ажилладаг. 

Жишээлбэл, ямар нэгэн дизайн хийчхээд “Надад хэрэглэхэд хялбар учраас” эсвэл “Улаан өнгө л зохихоор санагдсан”, “Би ч гэсэн хэрэглэгч” гэж захиалагч талд тайлбарлах утгагүй зүйл. 

Үүний цаана өндөр эрсдэл, алдаа, мөнгө санхүү, хайран цаг урсаж байгаа.

Иймээс л бид тухайн дижитал бүтээгдэхүүний анхны концепц загварыг хэрэглэгчдээр туршуулж, функц бүр нь ажлаа хийж, хүнд ойлгомжтой байгаа эсэхийг туршиж баталгаажуулсны дараа эцсийн загвар дизайн гардаг. Эцсийн дизайн гарсны дараа л хөгжүүлэгч нарт шилжинэ. Үүнээс өмнө багаараа ажиллаж, захиалагчтайгаа хамт нэг баг болон олон санаануудаас сонгож туршилтын загвараа гаргадаг. 

Энэ шатыг л алгасаад шууд л захиралд эсвэл нэг дизайнерт таалагдсаныг нь зах зээл дээр гаргаж асуудалд орсон олон компанийн жишээ байдаг юм билээ. Технологийн компаниудын 70-80 хувь нь ийм л асуудал дээр бүдэрдэг.

-Зарим компаниуд тэр дундаа захирлууд энэ процессыг зардал гэж хардаг шүү дээ. Чухлыг нь ойлгохгүй байна гэсэн үг үү?

-Барилгаар зүйрлэе л дээ. Барилгынхаа зураг төслийг гаргаад барилгаа барьчхаад “Өө, хэрэглэгч хаалга, цахилгаан шатаа олохгүй байна”, “Хэтэрхий жижиг өрөөтэй учраас ор нь багтахгүй байна” гээд нурааж шинээр барихтай л ижил ойлголт шүү дээ. 

Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамдаа ашигладаг веб сайт, аппликэйшн бүрийн цаана хүн байгааг ойлгож, хэрэгцээнд нь нийцүүлж чадаагүй байна л гэсэн үг.

Бидний хувьд хэрэглэгчдээр эхлээд туршуулж, тулгарч байгаа асуудлыг ойлгож, нухацтай судалж, шийдэл олохыг зорьдог. 

Анхнаасаа дижитал бүтээгдэхүүнийхээ UX дээрээ анхаарснаар асар их цаг хугацаа,  санхүүгийн зардлаа хэмнэдэг, зах зээл дээр богино хугацаанд танигдаж борлуулалтаа хурдтай өсгөнө гэсэн үг гэдгийг ойлгох нь чухал.


-Ийм хэлбэрээр ажиллахын давуу талыг дурдахгүй юу?

-Асуудлыг олон талаас нь гаргахын тулд бид захиалагч талтайгаа хамтарч “work shop” хэлбэрээр ажилладаг. 

 Ингэснээр “Бид чухам юу хийх гээд байгаа билээ, энэ дижитал бүтээгдэхүүн хэрэглэгчдэд ямар үнэ цэн өгөх вэ, яг ямар асуудлыг нь шийдэх вэ?” гээд олон асуултад цэгцтэй, хурдтай ойлголт, хариулт авч чаддаг.

Сонирхолтой нь маш том төслүүд ярьж, тэмүүлж яваа ч яг түүнийгээ багаараа тухтай суугаад чимээгүй төвлөрч, нарийвчлан бодож амжаагүй байдаг юм билээ.

Тухайн төсөлдөө багаараа бүрэн төвлөрөх, тунгаан бодох боломжийг нь бид олгож, олон хүний гаргасан сор санааг шигшихээр бараг л шилдэг инновац бүтдэг. 

-Компаниудаас сонирхолтой ажлын төслүүд хэр их ирдэг вэ?

-Олон янзын л төсөл дээр ажиллалаа. Зарим хүмүүс “Бүр цоо шинэ зүйл хиймээр байна, хүмүүсийн хэрэглэдгээс тэс өөр шүү” гэж хэлдэг. Энэ тохиолдолд бид багаараа ярилцаж байгаад зөв шийдэл санал болгохыг хичээдэг. 

Яг үнэндээ  хүний дадсан зүйл, хэв маягаас эрс өөр зүйл хийх нь хүнийг маш их эргэлзээнд оруулдаг, стрессдүүлдэг учраас нарийн тооцож, хэрэглэгч дээр туршиж байж л санал болгодог. 

“Apple” компани гэхэд л анх “iPhone” утсыг гаргахдаа хэрэглэгчид нь биет товчлууртай гар утас хэрэглэж дадсан хүмүүс байгаа гэдгийг маш сайн тооцоолсон байдаг. Иймээс хавтгай шилэн дэлгэц дээр биет товчлуурууд байгаа юм шигээр харагдахаар хийсэн байдаг шүү дээ. 

Дараа нь хэрэглэгчид нэгэнт дадсан хойно нь хавтгай, дан өнгийн товчлууруудтай болгоход асуудалгүй болсон. Өөрөөр хэлбэл хэрэглэгчээ бэлдэж, хөтөлж, дадуулах ийм чухал. Тиймээс л шийдэл дээр хэн нэг хүний сэтгэл хөдлөлөөр хандаж болдоггүй, үүний ард хүн байгааг, борлуулалт явж байгааг хэзээ ч мартаж болохгүй.


-Бараг өдөр бүр шинэ аппликэйшн, сошиал платформууд бий болж байна. Энэ дунд хэрхэн өөрсдийн ялгарлаа бий болгох ёстой вэ?

-Энэ дээр дан UXUI сайн байхаар л болох юм байна гэж ойлгож болохгүй. Мэдээж энэ том нөлөөтэй. Гэхдээ хэрэглэхэд хялбар байлаа гээд бодит үнэ цэн өгөхгүй бол таны аппликэйшнийг  хүн татаж суулгах ч үгүй шүү дээ.


-Дижитал бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргасан хүмүүст юу зөвлөмөөр санагддаг вэ?


-Аяга, ном, дэвтэр биш дижитал бүтээгдэхүүн гаргасан гэдгээ байнга санаж байх ёстой. 

Байнгын шинэчлэл шаардана, технологийн хөгжлөө дагаж сайжирч байх ёстой. 

Ийм технологийн компани болоход зургаан шат бий. Монголын дундаж дижитал бүтээгдэхүүнүүд нэг, хоёр дээрээ л яваа. Тиймээс л тухайн технологийн компани бүтээгдэхүүнээ хөгжүүлэх маш зөв дизайн болон хөгжүүлэлтийн процесстой байх ёстой.


-Ажиллаж байсан төслүүдээсээ хамгийн үр өгөөжтэй нэг төслийг онцолбол…

-Мобиком компанийн аппликэйшний  дизайн шийдэл дээр багаараа ажилласан.  

Ажлаа хүлээлгэн өгсний дараа дата авч, төлбөрөө төлөх, нэгэндээ нэгж дата явуулах гээд аппликэйшнд  хандах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж хэт их ачаалсан гэж сонссон.

Бас нэг нийгмийн төсөл нь нэрээ нууцалж сэтгэл зүйн асуудлаа хуваалцдаг “Blindcare” аппликэйшн юм. 

Үнэндээ “Blindcare”-ийн дизайныг боловсруулж байхдаа үүнийг хүмүүс ойлгож, чухал хэрэгцээ гэж хүлээн авна гэж бодоогүй. 

Тийм хүлээлтгүй учраас дотроо хүмүүс хэрэглэх болов уу гэсэн эргэлзээтэй тулгарч байснаа нуухгүй.

Гэтэл нээлтээ хийсэн даруйд олон хэрэглэгчид бүртгүүлж, асуудлаа хуваалцаж эхэлсэн. Хэрэглэгчдээс маань “Ийм аппликэйшн хийж өгсөнд баярлалаа. Асуудлаа хуваалцсандаа баяртай байна” гээд олон гайхалтай сэтгэгдэл хүлээн авсан. Тэр үгсээс маш их урам зориг авсан. Энэ бол амжилттай жишээ. Анхнаасаа төгс бүтээл хийгээгүй байж болно, гэхдээ олон удаа сайжруулах л чухал гэж боддог.


-Дижитал бүтээгдэхүүн гэдэг өөрөө асар, хил хязгааргүй өргөн ойлголт. Ямар асуудал тулгарч байна вэ?

-Би одоо л дэлхийн түвшний технологийн дизайнеруудтай дөхөж явна уу даа гэж өөрийгөө боддог. Өөрийгөө арай дөвийлгөчхөв үү. /инээв/ Сурах юм дуусахгүй юм даа.

Үнэндээ Монголд UXUI дизайнерын мэргэжилтнүүд маш их хэрэгтэй байна. Бүтээгдэхүүндээ анхаардаг захирлууд энэ мэргэжлийн ач холбогдол, мэргэжлийн UXUI үйлчилгээний үнэ цэнийг ойлгож эхлээд байна. Энэ бол “Customer Experience” -д голлох байх суурийг эзэлдэг.

Гэтэл аль ч их сургууль нь UXUI дизайнер бэлддэггүй.  

Төгсөөд ирж байгаа нь голдуу график дизайнерууд байдаг. 

Тэгэхээр технологийн компаниудад чадварлаг боловсон хүчин бэлдэх, зөв процесс дарааллаар ажилладаг хүний нөөцийг бүрдүүлж өгөх үүднээс бид өөрсдийн “know-how”-аа шингээсэн, 3 сарын хугацаатай, ментортой UXUI мастерклассаа зарлаад байна.

Бид хүнээ хөгжүүлж, сургаж байж бүтээмж өснө, салбарын хөгжил урагшилна. 

UXUI мастерклассын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 

Сошиал хаяг: Procraft Agency 

Холбогдох утас: 7747 7700

Энэхүү линкээр нэвтэрч мастекласс сургалтад бүртгүүлээрэй.


Холбоотой сэдвүүд

uxui designer бизнес вэбсайт дизайн

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.