Сүүлийн үед өөрийгөө хайрлахын ач холбогдлыг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Өөртөө анхаарал халамж тавих нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд гайхалтай ашигтай аж. Харамсалтай нь зогсолтгүй эргэх цаг хугацаанд бид өөрийгөө, өөрийн амьдралаа хамгийн түрүүнд алддаг учраас өөрийгөө хайрлах асуудал хамгийн доор л явж байдаг. 

Гэхдээ танд өөрийгөө хайрлах хялбар боломж бий. Эдгээр арга нь хялбар хийгээд үр дүнтэй нь батлагдсан. Хамгийн гол нь өдөр бүр хэрэгжүүлэх. Унтаж амрахтай холбоотой бүхий л асуудлыг багтаасан Sleep Number сайтаас дараах таван аргыг танилцуулжээ. 

Агаар амьсгал

Багахан агаар амьсгалаад нарны гэрлийг биеэрээ мэдрэх нь үдээс хойш кофе уухаас хамаагүй үр дүнтэй. Хаа нэгтээ ширээ дэрлээ 20 минут унтсанаас ч илүү өгөөжтэй байж мэдэх. Өнгөрсөн жилээс эхлэн өдөр бүр алхаж эхэлсэн Рут Андерсон “Алхахад бодол санаа минь цэгцэрч, эрч хүч өгдөг. Би газар дээр бууж, хүрээлэн буй зүйлстэйгээ илүү холбогдсон мэт санагддаг” хэмээлээ. 

Судлаачид гадаалж, алхах “ногоон дасгал”-ыг таван минут хийхэд л сэтгэл санаа дээрдэж, өөрийгөө үнэлэх нь нэмэгддэг. Түүнчлэн эрч хүчийг цэнэглэж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. 

Унтах цаг тохируул

Шөнийн нойроо сайн авах нь өөртөө зориулах хамгийн том хөрөнгө оруулалт. Мөн өөрийгөө хайрлах хялбар арга юм. Унтах тодорхой цагтай болвол хангалттай, хүссэн хэмжээнийхээ нойрыг авч, биеэ гүйцэд амрааж, засах болно. 

Цагдаагийн офицщер асан, гурван хүүхдийн ээж Гэйл Миллер Күүпэр яг 22.00 цаг гэхэд унтдаг. Тэрбээр “Нойр хангалттай авсан үед маргааш нь ядарч, стресстэх нь бага байдаг. Бас илүү бүтээлч, сэргэг сэрдэг” хэмээлээ. 

Насанд хүрэгчид өдрийг эрч хүчтэй өнгөрөөхийн тулд 7-9 цагийн нойр авах шаардлагатай. Хэрэв та эрт унтаж чаддаггүй бол унтахаасаа нэг цагийн өмнө гар утас, зурагт, компьютер гээд аливаа электрон төхөөрөмжөөс хол байгаад үзээрэй. Дэлгэцийн цэнхэр туяа тархийг нойрсуулдаг мелатонин гэх бодисыг ялгаруулдаггүй учир харах тусам нойр хүрдэггүй. 

Йог хий

Хүн бүр өдөр болгон нэг цаг йогийн ангид суух боломжгүй. Тиймээс өдөрт таван минут йог хийхэд л бие болон сэтгэл зүйд ямар ач тустайг нь мэдрэх болно. Йог тархины үйл ажиллагааг сэргээж, стресс бууруулж, ясыг сайжруулан, калори шатаах давуу талтай. Та эхний өдөр таван минутаас эхэлж, өдөр бүр ягштал даган хүсвэл минутаа ихэсгээрэй. 

Амин тостой танилц

Триша Заллер бол хоёр хүүхэдтэй, хэвлийдээ ахиад нэг хүүхэдтэй завгүй ээж. Тэрбээр амин тосыг ууршуулагчтай нь хэрэглэж тайвшран, бөх унтдаг. “Би өөрт таалагддаг, хэрэгтэй гэсэн хэд хэдэн төрлийн амин тос авсан. Зарим нь надад эрч хүч өгч, зарим нь намайг тайвшруулдаг. Амин тос үйлчилгээ өндөртэй, эд эсээр хэдхэн доолийн дотор л тардаг. Заримыг нь үнэртэхэд гэртээ биш далайн эрэг дээр, ой модон дунд байгаа юм шиг л санагддаг юм” гэжээ. 

Тэмдэглэл хөтөл

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь зүгээр нэг бичиг цаасны хобби биш, маш олон давуу талтайг судалгаанууд баталсаар буй. Тухайлбал, аз жаргалтай, эрүүл, бүтээлч болгож, сэтгэл зүйн ур чадварыг нэмдэг аж. Зах зухаас нь дурдахад л ийм. Түүнчлэн танд хэрэгтэй хувийн орон зай болдог. Өдрийн тэмдэглэл гээд заавал тухайн өдөр болсон зүйлсээ тоочих албагүй. Та хүсвэл юу ч бичиж болно. Нэг сар өдөр бүр хөтлөхөд үр дүн нь мэдрэгдэх гэнэ.