Уур амьсгалын өөрчлөлт асар их хэмжээний хохирол учруулах талаар анхааруулсан АНУ-ын засгийн газрын тайланд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп эргэлзэж байна гэж мэдэгдэв.

Дэлхийн дулаарал АНУ-ын эдийн засагт нөлөөлөх эсэх талаар сэтгүүлчдийн Цагаан ордны гадна асуусан асуултад Д.Трамп хариулахдаа, би үүнд итгэхгүй байна гэжээ.

Уг тайланд мэдээлснээр, уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам олон тэрбум ам.долларын хохирол учруулахын зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг онцлон тэмдэглэсэн байна.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашид агаарын хэм улам нэмэгдэх талаар дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд анхааруулах болсон билээ.

АНУ-ын төрийн тэргүүний мэдэгдсэнээр, баасан гарагт Засгийн газраас гаргасан тайлангийн зарим хэсгийг уншсан аж. Тэрбээр цааш хэлэхдээ, уг тайланд манай улсыг онцолсон нь буруу хэмээгээд, бусад улс орнууд ялангуяа Хятад, Япон зэрэг Азийн орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC