Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг мэдээллээ. 

Монгол Улсын хэмжээнд НДШ төлдөг 46 мянган ААН бий. Нийт ажиллагчид буюу 712,500 иргэний сарын дундаж цалин  1,3 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Энэ оны ААН-ын ажиллагчдын сарын дундаж цалинг зургаан жилийнх өмнөх үетэй харьцуулахад 53,7 хувиар өсчээ. Гэвч энэхү мөнгөн дүнг худалдан авах чадвар буюу хэрэглээний үнийн индекстэй харьцуулахад ердөө 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй ажилтны дундаж цалингийн зөрүү нэмэгдсээр байгаа талаар Үндэсний статистикийн хорооны мэргэжилтэн С.Тодгэрэл онцоллоо. Тодруулбал, III улирлын байдлаар эрчүүд дунджаар 1,5 сая төгрөгийн цалинтай байхад эмэгтэйчүүд 1,2 сая төгрөгийн цалинтай байгаа аж. 

ААН-үүдийн цалинг салбараар нь харьцуулахад хамгийн өндөр цалинтай салбар уул уурхайн олборлолт бөгөөд ажилтнуудын цалин дунджаар 3,1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 2,3 дахин их байна. 

Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбарт ажиллагсдын цалин 891 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 1,5 дахин бага байна.