Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай гаргасан мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 25 орчим хувьд нь 3-5 дахин хэтэрсэн, 20 орчимд хувьд нь олон дахин хэтэрсэн байгаа тухай онцлон мэдээлжээ. 

Бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж улам ихэсч, цөлжилт нүүрлэхийн үндсэн шалтгаан болоод байна. Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай. Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээр, ургамалд ч мөн адил хамаатай. 

Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглана гэдэг хөрснөөс дээш цухуйсан ургамлын навч найлзуурыг нөхөн төлжих чадваргүй болтол нь идэж дуусган, улмаар ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устана гэсэн үг.

Бэлчээрийн даац хэтэрсэн нутаг орны ургамал, хөрс хэрхэн доройтож, улам улмаар устаж үгүй болдог зүй тогтлыг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

Энэхүү зурганд үзүүлснээр бэлчээрийн ургамлын навчны ашиглалт 50 хүртэл хувь байхад үндэсний гэмтэл бараг байхгүй, хамгийн ихдээ 2-4 хувь байгаа бол 50 хувиас давуулан ашиглаад ирэхээр үндэсний гэмтэл маш хурдацтай явагддаг байна. Үүнийг эрдэмтэд талын идээд талын байгальд нь үлдээх зарчим ч гэж бас нэрлэдэг. 

Уншигчид маань санаж байвал дунд сургуулийн ургамал зүйн хичээлд заадагчилан, хөрсний дээрх ургамал ногоо нь хөрсөн дэх ус чийгийн тусламжтайгаар нарны илч гэрэл, агаар дахь нүүрс хүчлийн хийг өөртөө шингээн нөхөн үржих шим тэжээлээ авдаг. Хэрвээ ургамлын навч найлзуурыг тасдаж гэмтээх явдал дээрх 50/50 харьцаанаас хэтэрвэл фотосинтезийн үзэгдэл явагдахаа больж, ургамал нь шим тэжээлээр дутагдан, хэсэгхэн хугацаанд үндэснийхээ суурь шимээр тэжээгдэх боловч, улмаар үндэс ёзоороо идэж дуусгаад үхжиж эхэлдэг байна.

Малчид ч өөрсдөө малд идэмжтэй, тэжээллэг өвс ургамал буурсаар байгаа тухай ам дамжин ярьж байна

 

Эсрэгээрээ, хөрснөөс цухуйж гарсан ургамлын зөвхөн 50%-иас дээшгүйг малд идүүлж, үлдсэн 50%-ийг хөндөхгүй үлдээж чадвал ургамал нөхөн төлжих чадвараа хадгалсаар байдаг байна. Өөрөөр хэлбэл хөрс нь бүрхүүл ургамлын навч найлзуураар дамжуулан үржил шимээ авдаг, нөхөн төлждөг тул дээрх харьцааг баримтлах буюу бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх нь хөрсийг өөрийг нь хамгаална гэсэн үг юм.

Тийм учраас байгалийн хөрс, бэлчээр ургамлыг хамгаалах, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, талхагдуулахгүйн тулд хөрсний дээрх ургамлыг ашиглах зохистой харьцааг баримталж, малын тооны ачааллыг зохицуулахын чухлыг эрдэмтэд захиж хэлсээр байна.

Дээрх зурагт харуулж буй зүй тогтлоос бид бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдын нутагт ургамлын үндэс доройтож, улмаар устаж үгүй болох аюул нүүрлээд буйг шууд ажиглах боломжтой. Энэ үзэгдэл сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол оронд үргэлжилсээр байна. Малчид ч өөрснөө малд идэмжтэй, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгаа тухай хөдөө орон нутгийн малчид ам дамжин ярьж байна. 

Бэлчээр нутгийн сэргэх байдлын судалгаа

Монгол эрдэмтэд бэлчээр нутгийн нахиалан ургах хугацаагаар нь дараах байдлаар судлан тогтоожээ:

 1) Хавар эртийн, 

2) Хаврын, 

3) Зун эртийн

4) Зуны, 

5) Зун оройн гэж 5 хуваадаг байна.

 Мөн мал сүрэг идээшлүүлсний дараа, эсвэл өвсийг нь хадаж авсны дараа бэлчээрийн ургамал төлжин ургахад ойт хээр, уулын хээрт 24-36 хоног, 2 дахь удаагаа таслахад 36-45 хоног шаардагддаг байна. Яг энэ үеийг заавал тооцоолж, бэлчээрийн ачааллыг бууруулж, зохицуулахгүй бол бэлчээрийн ургац, төрөл зүйл, үржил шим жил ирэх тутам улам доройтдог. Иймд уламжлалт нүүдлийн аж ахуйн гол арга технологи болсон нүүдэл хийх, бэлчээрээ сэлгэн амрааж ашиглах нь маш их ач холбогдолтой. Бэлчээрийн сэлгээ нь ургамлын төлжин ургах нөхцлийг хангах, олон жилийн туршид ургацыг бууруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. 

Хашир туршлагатай малчид хаврын бэлчээрийг зун намартаа нөөцөлж, дотор нь алсын, ойрын нөөц гэж хуваарилан ашигладаг уламжлал бий. Ингэж чадвал мал тэжээлгүйдэхгүй, гагцхүү малын хариуллага маллагаанд анхаарах болно.

Уг нь улирал бүрийн бэлчээрийг дотор нь хэд хэдэн зурваст хувааж, ээлж дараатай нарийн хуваарьтай ашиглах шаардлагатай.

Энэ туршлагыг хамгийн сайн хэрэгжүүлж ирсэн Увс аймгийн Зүүнговь сум бий. Мөн хавар өвс ногоо дахин хэнзлэх тодорхой үед байдаг. Энэ бол 4 сараас 6 сар хүртэл. Энэ үеэр нь хөрснөөс цухуйсан болгоныг мал түүгээд идээд байвал цааш төлжин ургах чадвар нь алдагдсаар яваандаа устаж алга болдог. Эцэг өвгөд маань бидний багад “нялх ногоо битгий зулгаа” гэдэг байж билээ. Энэ их учиртай. Хавар бэлчээрийн ургамал сэргэн ургаж эхлэх үе бол хамгийн эмзэг юм. 

Нялх үед нь ургамлыг малд ойр ойрхон идүүлэхэд нөөц шим тэжээлийн бодис шавхагдаж нахиа найлзуур нь сэргэн ургах чадваргүй болдог. Хур тунадас сайхан жил байлаа ч нэгэнт туйлдсан ургамал ямар ч цаг агаарын тохиромжтой нөхцөлд ч бүрэн чадавхиараа нөхөн төлжих боломжгүй болж байна гэсэн үг.

Бэлчээрийг ашиглах эрчим нэмэгдэхэд бэлчээрийн бүтээмж ба малын ашиг шимийн үзүүлэлт хоорондын харилцан шүтэлцээ сөрөг үр дүнд хүрдэг зүй тогтол байдаг. Энэ нь ургамлын эрчимтэй ашиглах тусам ногоон навчны талбайн хэмжээ багасч, нарны эрчим хүчийг хүлээн авч химийн энерги болгон хувиргах боломж буурна. Өөрөөр хэлбэл ногоон ургамлын хөрсний үржил шим, чийгийг ногоон ургац болгон хувирах чадвар доройтож байна гэсэн үг.

Өнөө үед бэлчээрийг төлөвлөгөө, зохицуулалтгүй ашиглаж байгаа нь бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна. 1990-ээд оноос өмнө бэлчээр ашиглалтыг их нарийн төлөвлөдөг байжээ. Жишээ нь 1980-аад оны хүн амын хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа бэлчээрийн даацын норм нормативыг гарган зун намар 87.4 сая хонин толгой буюу 5 төрлөөр 24.0 сая орчим, өвөл хаварт үүнээс бараг 2 дахин бага 49.9 сая хонин толгой мал бэлчээр тэжээх бололцоотой гэж гаргаж байжээ. 

Ингэхдээ 1960-1970-аад оны 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоосон байдаг. Одоо гэтэл бэлчээрийн талбайн хэмжээ тэр үеийнхээс 20 сая га- гаар багасаад бэлчээрийн ургац талхагдаад буурсан байхад 5 толгойгоор 66.2 сая толгой болсон, хонин толгойд шилжүүлснээр 110,270,000 болсон байдаг. 

Доктор С. Цэрэндаш нар 2000 онд хийсэн судалгаандаа өнтэй жил дунджаар 86 сая гаруй хонь, харин урьд зун нь гантай жил 57 саяас хэтрүүлэхгүй байх, өөрөөр хэлбэл 100 га бэлчээрийн талбайд 62 хонь бэлчээрлүүлэх экологийн даацтай гэж тооцсон байдаг.


БЭЛЧЭЭР СЭЛГЭХ ГАЗАРГҮЙГЭЭС УЛБААЛСАН АСУУДАЛ

Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо үнэмлэхүй хэмжээгээр өсч, нүүх газар, сэлгэх бэлчээргүй болж, малчдын хооронд, тэр бүү хэл ах дүү хамаатны дунд бэлчээрийн маргаан тасрахаа байсан нь малчдын амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж эхэллээ. Ийнхүү бэлчээр малын тооны зохистой харьцаа нэгэнт алдагджээ. 

Үүний хажуугаар өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдлаа. Хотоор дүүрэн хониндоо сайндаа л арав, хорин хувьд нь ямаа байлгадаг  малчдын холыг харсан ухаан хэнд ч хэрэгггүй болов. Ямаа зуны цагт хорж хэвтдэггүй, залхуу бага, сэргэлэн сэргэг учир олон хонин дунд цөөн хэдэн ямаа байхад нийт хонин сүрэг үдийн халуунд хорж хэвтэх нь бага, ямаагаа дагаад идээшлэх цаг нь их тул ямааг зохистой харьцаагаар хонин сүрэгтэй хамт малладаг байжээ. Гэтэл нийт богийн ихэнх нь ямаа байх юм уу, дан ямаан сүрэг нь бэлчээрт хорлонтой гэдэгийн малчид бүр эртнээс мэддэг тул хонь, ямаан сүргийн харьцааг ямагт хатуу барь ирсэн байна. Ямаа нь юуны түрүүнд нялх ногооны навч найлзуурыг хазаж биш, зулгааж иддэг тул, бэлчээр сүйтгэх талдаа хониноос хэд дахин илүү тул дээрх дээрх үг гарсан бололтой. 



Цөлжилт: 10 см үржил шим хөрст байгальд бий болоход 2000 жилийн хугацаа ордог

 

Олон арван жилийн турш бэлчээрийн даац хэтрүүлж, талхагдуулсан явдал нь бэлчээр нутгийн цөлжилтийг улам эрчимжүүлэхэд хүргэж байна. Ургамлан нөмрөггүй болсон хөрс салхи шуурга, үер усны нөлөөгөөр эвдрэлд орон эмзэг болж, хөрсний өнгөний үржил шимтэй хэсэг нь угаагдан хийсч, сарниж алга болсоор байна. Хөрсний дээд хэсгийн ургамал хамгаалалт болдог. Энэ байхгүй бол хөрсний гадарга дээр буусан нарны гэрэл хөрсний хур чийгийг хатааж, ямар ч хамгаалалтгүй болсон хөрс салхи усны хүчинд хялбархан гэмтэж, эвдрэлд орно. Салхи, усаар элэгдсээр газрын хэвлийп гүнзгий гуу жалга, эрэг шуудуу үүснэ. 

Хөрс, ургамал эх байгалиас заяасан нөхөн төлжих чадвараа нэгэнт алдах тэр үе шатыг “босгоо давах” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Энэ босгыг давсны дараа ургамал, түүний хөрс өөрийн нөхөн төлжих чадвараа бүрмөсөн алдлаа гэсэн үг.

10 см үржил шим хөрст байгальд бий болоход 2000 жилийн хугацаа ордог. Байгалиас заяасан хөрс, ургамлын нөхөн сэргэх чадварыг хадгалахын чухлыг эрдэмтэд сануулсаар байна. Бэлчээрийн хөрс талхагдаж нягтарснаар ус чийг агаар нэвтрүүлэх горим алдагдана. Энэ нь ургамлын үндэсний өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Бэлчээр соргог байх үед 1 га-д 8 тонн үндэс агуулагддаг байсан бол талхагдсан бэлчээрт түүнээс 2 дахин бага буюу 4 тонн болдогийг эрдэмтэд тогтоожээ. Мөн хөрсний ус нэвтрүүлэх чадвар буурч хур борооны ус хөрсөнд шингэхгүй, газрын гадарга дээгүүр урссанаар хөрс, усанд угаагдаж эвдэрдэг байна. Соргог бэлчээрийн газрын хөрсний ус нэвтрүүлэх чадварыг шинжилж үзэхэд 141.9 мм цаг байгаа бол талхагдсан бэлчээрийнх 70.8 мм цаг болж хөрсний ус нэвтрүүлэх чадвар 2 дахин буурсан байна.

Тал хээрийн соргог бэлчээрийн сүвшилт (агаар ус нэвтрүүлэх) 3-7 см-ийн гүнд 56.0 хувь, 12-16 см-ийн гүнд 55.2 хувь байгаа бол талхагдсан бэлчээрийнх 3-7 см-ийн гүнд 53.7 хувь болж хөрсний өнгөн үеийн сүвшилт 4.1 хувиар буурсан байна. Бэлчээрийн газар талхагдалд орсноор хөрсний сүвшилт буурч байгаа нь газрын доройтлын нэг шинж юм. Мөн хөрсний бүтэц бүхэлшилт багасаж илүү тоосорхог болон салхи усны эвдрэлийг тэсвэрлэх чадвар буурна. Хөрсөн доторх 1 мм-ээс том хэсгийн эзлэх хувийн жин бага багаар буурна гэсэн үг. Ийнхүү бэлчээрийн хөрсний бүтэц аажмаар алдагдсанаар салхи, усны эвдрэлд улам бүр эмзэг болж цөлжинө. Манай Монголын нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртсөн гэж эрдэмтэд тогтоожээ. Үүний үндсэн шалтгаан бидний ярианы гол сэдэв болсон бэлчээрийн даац хэтрэлт буюу бэлчээрийн талхагдал мөнөөс мөн. 

“Дөрвөн цагийн улиралд дураараа нүүдэллэх нутагтай” гэж шүлгэнд хүртэл гардаг нутаг маань зөвхөн түүх болж үлдэх вий дээ. Талын Монгол, цөлийн Монгол болох хамгийн бүрхэг ирээдүйг ойртуулж буйг анхаарах цаг аль хэдийнээ болжээ.


Зуд:  Монгол нутагт ган гачиг нүүрлэх нь улам ойрхон давтамжтай болж байна


Бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдлын шууд үр дагавар нь Монгол орны улам бүр ойр ойрхон давтагддаг болсон ган, зуд хоёр юм. “Өчигдөр тавьсан уурга өглөө босоход харагдахгүй байдаг” болтол өвс ургамал ургадаг байсан түүх хэдхэн арван жилийн өмнөх сөн. Гэтэл бэлчээрийн талхагдалтай нутагт бороо хур ороод ороод ургамал ногоо харьцангүй удаж гардаг, үндэс муутай учир гарсан ургамал нь армаг тармаг, тачир хэнз байдаг. Нэгэнт ургамал ногоо тачир тармаг ургасан учир мал бэлчээрлэх газар нутаг их байх шаардлагатай болдог ба энэ нь бэлчээрийн ачаалалд эргээд нөлөөлдөг. Энэхүү гинжин урвалаас болж Монгол нутагт ган гачиг нүүрлэх нь улам ойрхон давтамжтай болж байна. 

Ган гачигтай зун намрын улиралд сайтар цадаж, тарга тэвээргээ гүйцэт авч чадаагүй мал сүрэг өвлийн улиралд өлдөж даарах нь амархан тул ялимгүй цас орох юм уу, харьцангүй хүйтрэхэд тарга хүчээ бүрэн алдаж нэрвэгдэх нь их. Ингээд хуучин цагт зуд гэж нэрлэхээргүй үед “харын зуд”, “туурайн зуд” нүүрлэн, “Монгол” ба “Зуд” гэдэг хоёр үг адил утгатай, синоним үгс болтлоо олон улсад ойлгодох болжээ. 

Хөрсний физик шинж чанар доройтохын хэрээр ургац, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд ийнхүү сөргөөр нөлөөлдөг байна. Доктор С. Цэрэндаш, бэлчээрийн даац хэтэрснээс болж ургамлын төрөл зүйл 3 дахин, ургац 2 дахин буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Доктор Д. Аваадорж, Я. Баасандорж нарын хийсэн судалгаагаар 1960-аад оны үетэй харьцуулахад 2000 оны эхэн үе хийсэн судалгаагаар бэлчээрийн га-ийн ургац 2 дахин, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн мөн 2 дахин буурсныг тогтоосон байна. 

Тухайлбал, ойт хээрийн ургамлын зүйлийн төрөл 48 байснаа 23 болж буурсан бол, хээрийнх 33 байснаа 16, цөлөрхөг хээрийнх 23-аас 12 болж, харин цөлийн бүсийнх 16-аас 11 болтлоо буурсан байна. Энэ нь малын идэш тэжээлийн амт шимт чанар буурч байгааг илтгэнэ.

Мал амьтны биед эрчим хүч үүсгэх анхны эх үүсвэр нь бэлчээрийн ургамал юм. Ийнхүү зун намар тэжээл аваагуй туранхай мал өвлийн хүйтнийг даахгүй хурдан доройтох, өвчин тусах магадлал өндөр. Манай эрдэмтдийн судалж тогтоосноор соргог бэлчээрт идээшилсэн, дулаан байр хэвтрийн бог малын амьдын жингийн алдагдал өвлийн улиралд дунджаар 6 кг орчим байхад, зун намартаа талхагдсан шим муутай бэлчээрт байлгасан амьдын жин дунджаар 10 кг-аар буурдаг байна.

Зуднаас сэргийлэхийн тулд МАА-г эрчимжүүлснээр шийднэ гэж үздэг хүмүүс бий. Эрчимжсэн МАА-г хөгжүүлсэн орнуудын нийтлэг давуу талуудыг харахад бэлчээрийн бүтээмж өндөр, жилийн 4 улиралд дулаан, ус чийг элбэг голдуу таримал бэлчээр байдаг. Энэ нь голдуу нэг төрлийн ургамал байх жишээтэй. Харин манай Монгол орны нутаг дэвсгэрийн 8.3 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 41.3 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагдах тул экологийн хувьд “өндөгний хальс” шиг хэврэг, талхагдаж доройтохдоо хялбар, төдийгүй дахин нөхөн сэргээх маш төвөгтэй, бараг боломжгүй, амьдрал дээр бүтэшгүй зүйл гэж эрдэмтэд үздэг. Энэ үүднээс дээхэн үеийн эрдэмтэд их нарийн судалгаа хийдэг байжээ. Академич Н. Жагварал 1950-иад оны дундаас бэлчээр сэлгэн ашиглах судалгаа хийгээд Монголд 5 үндсэн хэв маяг байгааг тодорхойлж байжээ. Үүнд: а. Альпийн буюу баруун аймгуудын, б. Уулын тайгын буюу Хангайн в. Ойт хээрийн буюу Хэнтийн, г. Хээрийн буюу Дорнодын талын д. Цөлийн буюу Говь гэсэн нүүдэл. Өндөр ууланд мөнх цасны хормой хүрч зусаад, хэсэг уруудаж уул хоорондын өргөн хөндийгөөр намаржаад уулын бэл хормойн нам уулсын энгэрээр өвөлжөөд жаахан доошилж дов толгодоор хаваржина. Нүүдэл хоорондын зай 60-80 км заримдаа 100 гаруй км хол нүүх явдал бий. Хангай нутгийн малчид өндөр уулын зоо, дэнжээр зусаад уулын бэл хормойд намаржаад уулын дунд хэсэгт өвөлжинө. Хаваржаа нь ихэвчлэн өвөлжөөнөөс доош нам уулс, дов толгод дотор байна. Хэнтий Хянганы нутгийн малчид голын хөндийгөөр зусаад уулын бэл хормой өөд өгсөж намаржаад модны хаяа хүрч өвөлжөөд бага зэрэг уруудаж хаваржина. Нүүдлийн дундаж зай 25-30 км. Тал нутгийн малчдын нүүдэл, ихэвчлэн хойшоо, урагшаа чигтэй байна. Ухаа толгод, нам уулсаар зусаад уруудаж нам хотос хоолойгоор намаржаад нам уулс, бөөрөг толгодын энгэр, хотос, хонхор газар дагаж өвөлжиж хаваржина. Нүүдлийн дундаж зай 30-40км. 

Нөгөө талаас мал хариулга их үүрэгтэй байжээ. Хавар цагийн маллагааг гойд анхаардаг малчин, “хөл өргөх, үе чангаруулах маллагаа” гэж нэрлэдэг. Өвлийн хатуу, хээлийн хүндийн тээж хаврын хавсаргатай золгож байгаа ядарч сульдсан малыг хурдан тэнхрүүлэх, жилбэ оруулах хурга ишигийг эхийн сүүнд цатгах, махлуулах хариуцлагатай үед байдаг. Энэ үеийн мал маллагаа үнэхээр хариуцлагатай. Өнжсөн буюу борог өвсөнд мал цадаж амархан тэнхэрдэг гэж ярьцгаадаг. Хавирга нэвт үлээсэн хаврын хавсарга туранхай байтугай, царигтай малыг туйлдуулдаг. Аливаа ажилд өөрийн гэсэн өвөрмөц технологи бий, түүнийг зөрчвөл ямар нэг хохирол авдаг. Бэлчээрийн МАА нарийн технологи бий.

Бэлчээрийн ачаалал нэмэгдсэн, цөлжилт газар авч, бэлчээрийн талхагдал, доройтол ихэсч байгаа учир нь наад зах нь сумын хэмжээнд нийтийн бэлчээр ашиглалтын нарийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ жинхэнэ бодит ажил болгон хэрэгжүүлж, явцыг тогтмол хянаж байхыг шаардаж байна. Үүнд: доройтсон бэлчээрийг үнэлэх, нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх, бэлчээрийн ургац, түүний шимт чанарын сар улирлын өөрчлөлтийг хэмжиж, жил бүрээр сүргийн бүтэц, нас хүйс, тоо зэргийг нарийн төлөвлөж зохион байгуулах ажлуудыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. 

Бэлчээр ашиглалтын ийм нарийн асуудал мэргэжлийн хариуцсан байгууллага байхгүй, олон Яамд, агентлаг албадын дунд орхигдох явдал үргэлжилсээр байна. Засгийн газар бэлчээр доройтлыг бууруулах, зүй зохистой ашиглалтын бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх чиг үүргийн мэргэжлийн байгууллагатай болох хэрэгцээ байгааг анхааралдаа авна байх гэж найдлага тавьсаар байна. 

Монгол орны газрын харилцааны асуудал ч бүхэлдээ бэлчээрийн асуудал байх ёстой атал бэлчээрийн газрын нийгэм, эдийн засаг, экологид гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь харьцуулахад бэлчээрийн талаар авч байгаа арга хэмжээ, ялангуяа судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр дүн ихээхэн хоцорч байна.

Яг үнэндээ “эдийн засгийг солонгоруулах” асуудал явж явж малын түүхий эд боловсруулдаг үндэсний цөөн хэдэн үйлдвэрүүд дээр л бууна. 

Гэтэл эдгээр үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг хэдэн малынх нь тэжээлийн үндсэн эх үүсвэр болсон байгалийн бэлчээрийг хэрхэн зүй зохистой ашиглах, хамгаалах бодлого өнөө хүртэл алга. Өвөлдөө ямар болохыг зундаа мэддэг, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаагаа тэнцвэртэйгээр сэлгэн, хэдийд алийг нь ашиглаж, алийг нөөцлөхөө мэддэг байсан учраас л бидний өвөг дээдэс мянга мянган  жил бэлчээр нутгаа хамгийн зохистойгоор ашиглаж, мал сүргээ улам л чанаржуулан, амьдрал ахуйгаа авч явсаар ирсэн туршлага бидэнд бий. “Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэх юм уу, “эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэлцдэг, эсвэл “хургандаа цадаагүй хонь төлөг болтлоо майлдаг”, “ямаа олдвол ягдахын цондон”, “тарвага алаад баяждаггүй” гэх мэт өдөр тутам сургадаг зүйр цэцэн үгс нь хүртэл байгалийн тэнцвэрт байдлыг сануулсан төдийгүй, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлсэн, үр дагварыг нь тооцоолсон, сүргийн бүтцийг ямархан байлгах ёстойг захиж сургасан байдаг нь манай монгол малчдын холч арга ухааныг илтгэсэн хамгийн наад захын жишээ юм.

2018 онд гарсан гарсан бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд нийт бэлчээр нутгийн 13 хувь буюу 100 000 мянган га бэлчээр нутаг байгалийн аясаар нөхөн сэргэх чадвараа алдаж бүрмөсөн цөлжсөн тухай дүгнэлт гарсан. Биднийг ухаарч арга хэмжээ авах гэсээр байтал доройтож цөлжсөн бэлчээрийн хэмжээ хяналтаас гарчих вий дээ.