“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ.

Тус өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Үйлдвэрчний соёлын төв ордонд 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба дүүрэг бүрд мөн тарьц суулгацын худалдаа явагдаж байгаа болно.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд 10 дугаар сарын 13-ны өдрийн Бямба гаригт 11.00 цагаас хүрз, хувинтай очиж тарьсан моддоо арчлах боломжтой юм.            

Энэ жилээс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлж эхлээд байна. 

Одоогоор “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд”, “Цагаан Алгирмаа” ТББ-ууд гэрээ байгуулаад байгаа ба дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой юм байна.