Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо (ТХДМСХ) жил бүрийн тавдугаар сард болдог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан  “Мод таръя, тарьснаа арчилж, ургуулъя” уриалгыг дэвшүүллээ. Мод тарьж, ургуулахтай холбоотой арга техникээс олон нийтэд танилцуулах, гэр хорооллын гудмыг моджуулж, цэцэрлэгжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас танилцуулах уулзалтыг маргааш 12.30 цагт зохион байгуулна.

Уулзалтаар Дархан хотод гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан хэд хэдэн гудмыг моджуулж, цэцэрлэгжүүлсэн “Шинэ хашаа” төслийн санаачлагч, “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат, МБОИЗ-ийн гишүүн байгууллага Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, доктрант Р.Баянбилиг нар мэдээлэл өгнө.

Манай улс мод тарих үндэсний аяныг 2010 оноос хойш санаачлан улс орон даяар хэрэгжүүлж ирснээр иргэдийн зан үйл, дадал хандлагад томоохон өөрчлөлт бий болсон. Цаашид үр дүнг улам сайжруулахын тулд тарьсан модоо арчилж ургуулах, үр дүнг нь тооцох, нэхэх, сурталчлах, гэр хорооллын айл өрхийг татан оролцуулах, гэр хорооллын орчныг моджуулж ногооруулах ажлыг нэгдсэн бодлогоор дэмжих, мэдээлэл, арга зүйгээр  хангах ажил үгүйлэгдэж байна гэж ТХДМСХ үзэж байгаа юм.

Хэрэв цаашид эдгээр асуудлыг анхаарахгүй бол үндэсний мод тарих аян хэлбэр төдий болж, иргэдийн оролцоо, сонирхол, итгэл үнэмшил буурч болзошгүй байна. Нөгөө талд мод тарих ажилд сэтгэлийн хөөрлөөр бус шинжлэх ухааны үндэстэй хандах нь үр дүнд шууд нөлөөлөх ба эс бөгөөс “мод тариад ургах биш” гэсэн хандлага бий болох талтай.

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, түүний гишүүд, дэмжигчид  энэ жилийн  мод тарих үндэсний өдрөөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн III сургуулийн зарим талбайг моджуулах ажлыг МБОИЗ-ийн дэмжлэгтэйгээр хийхээр төлөвлөжээ. НҮБ-аас батлан хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилго”–д хүн төрөлхтөн ядуурал, өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, хүний эрхийг дээдлэн эрх тэгш байдлыг хангана, эх дэлхийнхээ байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаална, элбэг дэлбэг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарна гэсэн чин эрмэлзэл бүхий 17 зорилго дэвшүүлсэн. Энэ бүхний суурь нь цэвэр ус, цэнгэг агаар, ногоон орчны эх үүсвэр буюу тэдгээрийг бүрдүүлэгч мод, ой юм.

2019 онд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд “биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтай устаж, дэлхийн хаана ч байгаа хүний амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой ой модны сан сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтон, хомстож байгаа нь ядуурлын нэг шалтгаан болж буй”-г өгүүлээд өнөө болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг, түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэхийг 2020 онд уриалсан юм.                    

                            Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо