Монгол улсын нэгэн бяцхан шинэ иргэн өөрөө ч мэдэлгүйгээр нийгмийн бухимдлын түүдэг галыг санаанд оромгүйгээр өрдөж орхив. 

Бүх зүйлд сайн, муу агуулга хосолдог. Хүний эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлэгчид, өөрсдийн хүсэл зоригоор жагссан иргэд зорилтоо давуулан биелүүлж, хоёр ч сайдад хариуцлага тооцуулж чадлаа. Харин 19 цагтай уралдан хоёр сайд өргөдлөө өгч, мэдэгдэл хийснээр жагсаал шувтрах байтал дахин хэдэн цагаар сунаж, өдөр дамнан цаашид үргэлжлэх яриа чих дэлссэн нь сонирхол татав.

 Дэгсдүүлж хэлэхэд олон мянган жагсагчид өдрийн туршид аажмаар өөрийн хүслээр цугласан атал үдэш орой, бүрэнхий болоход үлдэж хоцорсон хэд маань гэнэт хэдэн зуун хүн болж хувирсан нь гайхалтай. Үнэн худлын хооронд хэдхэн хуруу биш хэдхэн хором байдаг болжээ. 20 цагаас өмнө жагсаалын цөмийг бүрдүүлж, олон нийтийг уриалж байсан идэвхтэнүүд, залуус гэртээ харихтай зэрэгцээд ЗГ, УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах 20 цагаас хойших зохион байгуулалттай жагсаал эхлэв.

Ийнхүү 2021 оны сонгууль угтсан улс төрийн “театр” үүд хаалгаа ёслол төгөлдөр нээж орхилоо. Үүнээс цааш улс төрийн хүчнүүд, гомдогсод, шантаажлагсад, жагсаалаар амиа зогоогсод бидэнд ямар үзвэрүүд бэлдсэнийг таашгүй. Харин тааж чадах нэг зүйл бол учиргүй эмх цэгц, зохион байгуулалттай аар саархан жагсаалууд үргэжлэх нь тодорхой. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эрсдэл дагуулсан үзвэрүүдтэй энэ их хаврын улс төрөө бид хохирол багатайхан давах нь чухал. Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал нийгмийн эрүүл мэндэд ямар хохирол дагуулсныг судлахад төдийлөн цаг гарздах хэрэггүй биз. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жагсаал, цуглааны дараах коронавирусийн тархалт нэмэгдсэн АНУ, Францын жишээг бишгүй л харсан. Түүхээс сургамж авах байтал давтахаар зүтгэх улс төр хяслантай.