Нийгмийн зүгээс ийм хувцас өмсвөл эмэгтэй, иймийг өмсвөл эрэгтэй гээд хэлээд өгчихсөн мэт аяглах нь хэвийн үзэгдэл мэт. 

Гэвч цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн сэтгэлгээ улам тэлж, өөрсдийгөө илэрхийлэхийн тулд хүссэнээрээ хувцаслахыг эрхэмлэх хүмүүс бишгүй болжээ. Энэ "өвөө" ч тэдний нэг хэсэг юм. Тэр өөрийн хувцаслалтаар “хувцсанд хүйс гэж үгүй бөгөөд хэн ямар хувцас өмсөнө, тэр хувцас өмссөн хүнийхээ хүйсийг л дагана” гэдгийг батлан харуулдаг.

Майк Брайн бол Америк хүн. Гэхдээ одоогоор Германд амьдарч байгаа бөгөөд робот инженер мэргэжилтэй. Тэр өдөр тутмын амьдралаа бусадтай л адил өнгөрүүлэхийг хүсдэг ч бусдаас нэг ялгаатай нь өдөр бүр нийгмээс бүрдүүлсэн хувцаслалтын дэгийг эвдэхийг хичээдэг гэнэ.

Тэр бараг өдөр бүр ажилдаа явахдаа, хот руу орохдоо, гэртээ гээд л хаа сайгүй өндөр өсгийт, бошинз өмсдөг. Харин тэр зүгээр л тэднийг углаад орхилгүй үнэхээр тухайн хувцасны утга учрыг гаргадаг гэж хэлэхэд буруудахгүй. 

Тэрээр өөрийн хувцаслалтын тухайд,Миний ингэж хувцасладаг шалтгаан нь ердөө л би ийм хувцас өмсөж чадах учраас... Зүгээр л бага зэрэг өөр байхыг хүсдэг. Би үргэлж л өндөр өсгийт, бариу бошинз өмссөн бүсгүйчүүдийг нууцхан биширч ирсэн. Ямар ч гаж эсхүл бэлгийн дур хүслээ хангах гэж бус ердөө л тэдний тийм хувцас өмсчхөөд бардам, цаанаа л нэг хүчирхэг зогсож байгаа нь атаархам байдаг байсан. 

Би ингэж хувцасласнаар өөрийгөө бэлгийн чиг хандлагын хувьд илэрхийлэхийг зорьдоггүй. Учир нь би гетеро бэлгийн чиг хандлагатай хүн. Миний хувьд хувцас бол ердөө л ямар нэг хүйсгүй зүйл. Мөн би даашинзаас илүү бошинз өмсөхийг илүүд үздэг. Учир нь дан даашинз өмсчихвөл намайг “эмэгтэй” хувцас өмсжээ л гэж харах юм. Харин би хувьдаа цээжин хэсгээрээ эрэгтэйлэг харагдаж, бэлхүүснээс доош тодорхойгүй хувцаслахыг оролддог” хэмээжээ.

Бид түүнээс юу ингэж хувцаслахад нь нөлөөлдөг вэ гэж асуухад,Загварын сонголтууд. Эрэгтэйчүүдийн өмд гэхэд ихэвчлэн хар, саарал, бор, хөх өнгөтэй байдаг. Харин бошинз гэхэд улаан, ногоон, цэнхэр,цэцгэн хээтэй, амьтны хээтэй гэх мэт маш өргөн сонголттой. Өсгийтэй гутал ч мөн адил. Түүнчлэн өсгий, хоншоорын хэлбэрээсээ шалтгаалаад өөр өөр болох нь ч бий. Бас цаг агаар сайхан байхад онгорхой хоншоортой гутал ч өмсөж болно” гэсэн юм.

Түүний хувцаслалт түүнд ямар мэдрэмж өгдөг талаар лавлахад,Надад ерөнхийдөө ялгаа байдаггүй. Эцсийн эцэст энэ бол ердөө л хувцас шүү дээ. Гэхдээ сэрүүхэн өдрүүдэд бага зэрэг жиндэх нь бий. Харин өндөр өсгийтийн тухайд, би өндөр өсгийт өмсөж байхдаа яагаад ч юм илүү хүчирхэг санагддаг. Мөн ингэж хувцасласнаар би ажлынхаа дарамт, стрессийг илүү эерэгээр хүлээж авдаг болсон” гэжээ.

Энэ жил тэрээр хуримлаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Түүний эхнэр болоод гэр бүл нь түүнийг хувцаслалтыг бүрэн дэмждэг бөгөөд түүний хэлж байгаагаар эхнэр нь заримдаа ямар бошинзыг юутай хослуулахыг нь зөвлөдөг ба охин нь түүний өндөр өсгийтүүд өөрт нь таардаг ч байсан болоосой гэж хүсдэг гэнэ.

“Эмэгтэй” хувцас томхон размер олоход төвөгтэй байдаг эсэх талаар тэр “Би 183см өндөртэй, 75кг орчим жинтэй. Миний гутлын размер 41, бэлхүүсний тойрог 74см. Тэгэхээр надад хувцас олоход тийм ч хүндрэлтэй байдаггүй. Бас би долоо хоногтоо 2-3 удаа дасгал хийдэг” гэсэн юм.


Эх сурвалж: Bored Panda