Жаргалтай амьдралын нэг элемент нь сайхан хувцаслалт

Б.Номин
06 сарын 23, 2025

“Хувцас  таны өмнөөс ярьдаг” гэж хаа нэгтээ сонсч байсан санагдана. Урин дулаан цаг ч ирчихлээ. Зуны улирал бидэнд загварын хувьд илүү сонголт хийх боломжийг олгодоггүй гэж үү. Ингэхэд “Хувцасны хэл” гэж юу юм бол. Энэ талаар VSKOS academy-ийн үүсгэн байгуулагч, дизайнер О. Булганы ярилцлагыг хүргэе.

Стилээ тодорхойлохын ач холбогдол

Та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлсэн, тохирсон хувцас өмсөхгүй бол далд ухамсартаа өөрийгөө дутуу үнэлэх, голох мэдрэмжийг авч байдаг.Тиймээс хувцаслалт танд “Би гоё шүү, сайхан хүн шүү, би өөртөө хайртай” гэх мэдрэмж, өөртөө улам илүү анхаарал тавих сэдлийг өгч байдаг зүйл. 

Мэдээж, заавал ганган хувцаслаж, үнэтэй брэнд өмсөх албагүй. Өөртөө тохирсон өнгө, хэлбэр, стильтэй, бие галбирыг тань засаж зөв сайхан харагдуулах хувцсыг сонгох нь л чухал. 

Хүмүүс ихэвчлэн галбираа зөв тодорхойлоогүйгээс болоод биеэ зөв баланстай харагдуулж чаддаггүй. Муухай гэхээсээ илүү замбараагүй, цэгцгүй хувцаслачихдаг. 

Хувцаслалтаараа байгууллагынхаа үзэмжээс  "хойш татаж" байгаа юм биш биз?

Анх харсан хүнээ дүгнэхэд ердөө 5-10 минут хангалттай гэдэг.Хэдийгээр бид гадаад үзэмжийн тухай яриад байгаа мэт боловч яг үнэндээ энэ бол соёлын асуудал. Тухайлбал, та хэрэв томоохон албан байгууллагын ажилтан хэрнээ хувцаслалтдаа анхаардаггүй бол байгууллагынхаа үзэмж, тэр бүү хэл  хамт олны уур амьсгалд хүртэл нөлөөлөх боломжтой гээд бод доо. Нөгөөтэйгүүр, хувцаслалт тань оновчтой, зөв байгааг хүмүүсийн таньтай харилцах хандлагаас харж болно. “Энэ хүн өөртөө ингэж анхаарч байгаа нь биднийг удирдаж, чиглүүлж чадах юм байна” гэсэн бодол хүмүүст өөрөө ч анзааралгүйгээр төрж, таныг өөрийг нь чиглүүлж чадах хүн гэдэгт далд ухамсрын түвшиндээ итгэчихдэг. Зөв үзэмж, имижээр хүмүүсийг байлдан дагуулж,  хүмүүст нөлөөлж болдгийн нэг л жишээ энэ.  

Хүн хэдэн ч стильтэй байж болно

Дэлхий дахинд түгээмэл  40 төрлийн стиль байдаг. Эдгээр нь нийгэм цаг үеийн хөгжил,  тренд чиг хандлагаас хамаараад 100 гаруй төрөл болж “үржинэ”.  Нэг хүнд хэд, хэдэн төрлийн стиль ч байж болно. Нэг өдөр нь рок стильтэй байсан бол маргааш нь албаны, классик стильтэй болж болно. Харин нөгөө өдөр нь “chic” стильтэй байж болох юм. Гэхдээ таныг яг таг илэрхийлэх “Singnature look” буюугол стилиэ огт алдаж болохгүй.  

Өөрт тохирор стилийг бие даан тодорхойлохыг хүсвэл “pinterest”, “google”, “chatgpt” гэх мэт орчийн цагийн аппликэйшнийг ашигласан ч болно. Гэхдээ хэрэв мэргэжлийн хүмүүст хандвал илүү хурдан хугацаанд маш бодитой,гадаад үзэмжид тань яг таг тохирсон стилийг тэд бүтээж өгнө.  

Манай академийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчийнхээ дотоод оршихуй, мөн чанарыг гадаад үзэмжээр нь зөв зүйтэй илэрхийлэхийг чухалчилдаг. Даавуун материалтай цагаан өнгийн футболкийг хүн бүрт тарааж өглөө гэж бодъё. Тэд өөрсдийн хэв маяг, сонирхолдоо тохируулан өөр, өөрөөр өмсөж таарна. 

Зарим нь цагаан футболкийг жийнсэн өмд дээр, “Cashual” буюу өдөр тутмын зориулалтаар, биедээ тав тухтай болгож өмслөө гэж бодоход нөгөө хэсэг нь оффис хэв маяг руу оруулж өмсөж ч болно. Бүр илүү  “chic”, ганган болгож хувцаслаж ч магадгүй.


VSKOS academy хүмүүст ямар боломжийг олгодог вэ?

Бид VSKOS academy-ийг үүсгэн байгуулснаас хойш жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхнаас Италийн “Milan Fashion Campus” загварын академитай албан ёсоор гэрээлээд, хөтөлбөрийг нь заах эрхээ авсан. Сургалтынхаа төгсгөлд Итали руу шалгалт өгөөд олон улсад хүлээн зөвшөөрсөн сертификаттай төгсөх боломжтой болж байгаа юм. Мөн тэнд гурван сарын турш суралцаад Миланд аялангаа танхимын ангид нь  суралцах боломжтой. Загварт дуртай, хайртай, ажил болгож эхлүүлэх,энэ чиглэлээр карьер хөөх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. 


Сайхан хувцаслалт бол сэдэл, сүр хүч, сэтгэл ханамж

Хувцаслалт хэдийгээр энгийн хэрэглээ мэт боловч бидэнд асар олон дадал зуршлыг бий болгож байдаг. 

Хувцаснуудаа сайхан хослуулж сурснаар хүн бага, багаар бүтээлч болдог гэж үздэг. Басхүү өөртөө итгэлтэй болно. Жижиг деталь бүрт анхаардаг, гярхай нэгэн болох гэх  мэтчилэнгээр дадал зуршлууд бий болж байдаг. 

Амьдралын чанар сайжрах, аз жаргалтай амьдрах хэсэг бүрдлүүдийн нэг элемент нь хувцаслалт гэсэн үг.  Зөв сайхан хувцасласнаар , тухайн хүн өөрийгөө аз жаргалтайгаар мэдэрч, хайрлаж, үнэлж эхэлнэ. Үүний цаана бидний дотоод сэтгэлийн гүнд байгаа олон мэдрэмж, сэтгэл зүйн эрүүл мэндийн чанар хүртэл агуулагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бусдад гоё сайхан харагдах, бусдаар магтуулах, бусдад үнэлэгдэх нь сэтгэл зүйд, далд ухамсарт, дотоод оршихуйд  үргэлж эерэг нөлөө үзүүлдэг.  Тэгэхээр сайхан хувцаслалт бол сэдэл, сүр хүч, сэтгэл ханамж юм.





Холбоотой сэдвүүд

загвар хувцаслалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.