П.Мөнгөнсор
10 сарын 15, 2024
НҮБ-ын байгаль орчны конвенциудын (UNFCCC, UNCBD, UNCCD) талуудын бага хурлуудыг угтсан залуучуудын салбар хэлэлцүүлэг 10 сарын 14-ний өдөр НҮБ-ын байран дээр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөлийг үүсгэн байгуулагдсаныг албан ёсоор зарласан юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй улс орнуудын нэг бөгөөд манай орны нийт газар нутгийн 76 хувь нь их, бага хэмжээгээр цөлжсөн нь нийгмийн эмзэг бүлгийнхэн, хүүхэд, залуучуудад хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлж байна.
Иймд энэ чиглэлээр шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэмлэгийн санаачилгаар АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй солилцооны хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн шинэлэг төслийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөлийг үүсгэн байгууллаа.
Байгаль орчны чиглэлээрх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон 15-34 насны 40 залууг нээлттэйгээр сонгон шалгаруулжээ. Зөвлөлийн гишүүн залуус сар бүр чадавхжуулах сургалтад хамрагдахаас гадна орон нутагтаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэн ажиллах юм.
Үүний хүрээнд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцийн талуудын 16-р бага хурал /UNCBD COP16/, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн талуудын 29-р бага хурал /UNFCCC COP29/, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 16-р бага хурал /UNCCD COP16/-уудад нөлөөлөх өндөр түвшний олон талт хуралд өгөх санал боловсруулах, эдгээр хуралд Монгол Улсын Засгийн газраас илэрхийлэх байр суурийг олон нийтийн, тэр дундаа хүүхэд, залуучуудын оролцоотойгоор тодорхойлох, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын биелэл ба шийдлүүдийг эргэн харах, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хүүхэд, залуучуудын бодит оролцоог сайжруулах зөвлөмж боловсруулахад чиглэн Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл анхны үндэсний хэмжээний салбар хэлэлцүүлгээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд байгаль орчин, залуучуудын байгууллагууд, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, оюутан, сурагчид зэрэг 15-35 насны 60 гаруй залуусын дунд хог хаягдал, тэр дундаа хуванцар хог хаягдалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт ба жендер, уур амьсгалын санхүүжилт, биологийн олон янз байдал, цөлжилт ба бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд үүсэж буй эрчим хүчний асуудал зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөж, Монгол Улс байгаль орчин, уур амьсгалд тулгамдаж буй асуудлууд, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилт, шийдлүүдийн талаар үндсэн илтгэлүүд тавигдлаа.
Уг хэлэлцүүлгээс гарсан залуусын санал санаачилгыг Засгийн газарт хүргэхээс гадна Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөлийн төлөөлөл хоёр гишүүн ирэх 11 сард Азербайжан улсын Баку хотод зохион байгуулагдах UNFCCC COP29 хурал болон 12 сард Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдах UNCCD COP16 бага хурлуудад Монгол залуучуудын дуу хоолойг өргөн оролцоно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.