Өмнөговьчууд тэмээ судлалын анхны төвийг байгуулж байна

Д.Даваадулам
02 сарын 10, 2026

Өвлийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Түмэн тэмээний баяр” 29 дэх жилдээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоёрдугаар сарын 6-8-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, уламжлалт маллагаа, зан үйл, соёлыг өвлүүлэн хадгалах, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой “Түмэн тэмээний баяр”-ын  арга хэмжээг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр энэ наадам үндэсний өвлийн наадам болж өргөжсөнийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан 29 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-аас харж болохоор байлаа. 

Нийт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид, малчид 1000 гаруй тэмээтэйгээ ирж наадамдаа оролцсон бол 8000 гаруй зочид, аялагч жуулчид, тэдний дотор 200 гаруй нь гаднын аялагч жуулчид наадмыг үзэж сонирхсон байна.   

 “2025 оны мал тооллогын дүнгээр Монгол Улс 501  мянга гаруй тэмээ тоолсон. Хорин жилийн өмнө тэмээний тоо 254 мянга байсан бол хоёр дахин нэмэгдсэн нь малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн, мөн тэмээний баяртай салшгүй холбоотойг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Түмэн тэмээний баяр”-ын нээлтээр хэлсэн үгэндээ онцолсон юм. 


2025 онд хамгийн олон буюу 155 900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлсэн Өмнөговьчууд “Тэмээ судлалын төв” тэй болж байгааг баярын үеэр аймгийн удирдлагууд нь  дуулгалаа. 

“Тэмээгээ өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, гиннесийн Дэлхийн дээд амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг авч тэмээн сүргээ өсгөж үржүүлэхэд анхаарч ажилласны үр дүн өнөөдөр ийн харагдаж байна гэж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хэллээ. 

Тэмээний баяр нь тэмээн соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, малчдын орлогыг өсгөх гээд олон талын ач холбогдолтой гэж үздэг. 

Түмэн тэмээний 29 дэх наадмаар дөрвөн насны ангиллаар тэмээ уралдуулж, тэмээний парад, ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээнийг өрнүүллээ. Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах тэмцээнүүд ч өрсөлдөөнтэй сонирхолтой өрнөв. 

Зураг
Тайлбар














“Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Ингэний айрагны баяр”-ын үзэсгэлэнгээр ингэний сүү сүүн бүтээгдэхүүнээс гарган авсан айраг, сүү, өрөм, ааруул зэрэг уламжлалт хүнснээс гадна ингэний сүүгээр хийсэн шоколад, торт, ааруул зэрэг орчин үеийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, дотоод гадаадын жуулчдад худалдан борлууллаа.

“Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Ингэний айрагны баяр”-т 8 аймгийн 200 гаруй иргэд, тэмээчид, гар урчууд, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, тэмээ болон бусад малын түүхий эд, ноос, ноолуур, цагаан идээ зэрэг уламжлалт аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүд, мөн үндэсний дээл хувцас, гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, арилжаа хийлээ. 

                                                    



Дашрамд дурьдахад Монгол Улсын ингэний ганц ферм Өмнөговь аймагт ажиллаж байна.  

 “Солид партнерс групп” компанийн таван жилийн өмнө нээсэн тус ферм нийт 160 нь ингэтэй.  Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу уламжлалт аж ахуйгаас 2-3 дахин их сүү авч байгаа юм байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг байна. Тус бүтээгдэхүүнүүд Түмэн тэмээний баярын үеэр эрэлт ихтэй байлаа. 

Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангах судалгаа байдаг юм байна. 


Зураг
Тайлбар








 “Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой олон дээд амжилт бичигдэж байжээ. Тухайлбал 2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол 2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачдад улсын “Алдарт уяач” цол олгох болсон. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-ийг “Тэмээний өдөр” болгон зарласан билээ. 

“Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээний хүрээнд:

-Таван насны ангилалд: Атан, шилбэн тайлаг, богино зайн уралдаан, тором буюу хоёр настай тэмээний уралдаан, 

-“Тэмээн поло” тэмцээн, 

-“Түмэн тэмээний баяр” гэрэл зургийн үзэсгэлэн,

- Үндэсний дээл хувцас, тэмээгээрээ гоёсон “Тэмээтэй сайхан хос”-ын шалгаруулалт, 

-Ингэний айрагны баяр, 

-Ингэний сүү цагаан идээ, тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа

-“Говийн амт” хоолны өдөрлөг

-4x500 метрийн зайд пайз дамжуулах тэмээтэй буухиа уралдаан,

-Тэмээчид, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”,

-Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн,

-Шилмэл буур, ингэ болон хурдан тэмээний дуудлага худалдаа

-“Мөсөн сурын харваа” УАШ

-“Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” бизнес форум зохион байгуулагдлаа.

                                 

 “Түмэн тэмээний баяр-2026”  арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тэмцээний дүн 


Богино зайн хурдан тэмээний уралдаан

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ААУ Ш.Ням-Осорын хар түрүүллээ.

-Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ААУ С.Түвшинбаярын хүрэн

-Айргийн гуравт Өмнөговь аймгийн Сэврэй сумын ААУ Г.Орхончулууны улаан

-Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын МУАУ М.Мөнхбаяны Монгол шар

-Айргийн тавд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ААУ Н.Гантулгын улаан 


ШИЛБЭН ТАЙЛАГ ТЭМЭЭНИЙ УРАЛДААН

-Баянхонгор аймгийн Баянлиг сумын МУАУ С.Галтын Шар тайлаг түрүүллээ.

-Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ААУ А.Батзаяагийн Цахилгаан улаан

-Айргийн гуравт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын САУ У.Отгонсүхийн Халтар

-Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын САУ Д.Бөхчулууны Бор

-Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын САУ Э.Ганжигүүрийн Шар тайлаг 


ТАЙЛАГ ТЭМЭЭНИЙ УРАЛДААН

Тайлаг тэмээний уралдаанд  улс, аймгийн алдарт уяачдын хурдан тайлаг тэмээд хурд хүчээ сорин уралдлаа.

-Уралдааны түрүү магнайд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Монгол Улсын Алдарт уяач М.Мөнхбаяны тайлаг тэмээ 

-Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын, Сумын Алдарт уяач Д.Бямбацэрэнгийн тайлаг тэмээ

-Айргийн гуравт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын, Сумын Алдарт уяач У.Энхбаатарын тайлаг тэмээ

-Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ноён сумын, Сумын Алдарт уяач Б.Наранмандахын тайлаг тэмээ

-Айргийн тавд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын, Сумын Алдарт уяач Т.Доржсамбуугийн тайлаг тэмээ тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.


ЗурагТайлбар







 2026.02.09 

                                        “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБ  

Холбоотой сэдвүүд

өмнөговь тэмээний баяр

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.