Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, хэдэн шийдвэр гаргалаа. Шийдвэрийг тус комиссын гишүүн, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулав.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаас гарсан онцлох гурван шийдвэрийн талаар мэдээлэл өгье. 

Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан, Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаатар нарт үерийн уснаас хамгаалах далан, шуудууг барьж байгуулах тооцоо судалгаа хийх, авто замын гадаргуу дээр тогтсон усыг зайлуулах, бөглөрсөн шугам сүлжээг цэвэрлэх үүрэг өглөө. 

Улаанбаатар хот 1000 орчим км автозамтай. Үүний 65 орчим хувь нь автозамын гадаргуу дээр тогтсон борооны усыг зайлуулах шугам сүлжээтэй. Үлдсэн 35 хувь нь ийм сүлжээгүй байгаа нь 30-40 жилийн өмнөх буюу хорооллыг дундах хуучин замууд юм. Үүнээс болон ус зайлуулах шугам бөглөрөх, гэр хороолол дахь үерийн усыг зайлуулах далан шуудууг айл хааж бууснаас Улаанбаатар хотын хойд хэсгээс борооны ус үерийн ус болон авто зам руу орж ирж байна. Үүнийг засах, шинэчлэх зорилгоор дээрх үүргийг өгсөн.

Хоёрдугаарт, Ховд аймгийн Цэцэг суманд тарваган таал гарсантай холбоотойгоор хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Үүнийг үргэлжлүүлэхийг Ховд аймгийн Засаг даргад үүрэг болголоо.

Гуравдугаарт, Гадаадад байгаа иргэдээ татаж авах асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсад 9.884 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Улсын онцгой комисст ирүүлсэн байна. Улсын онцгой комисс, Засгийн газрын зүгээс нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл агаар болон газраар 12.000 орчим иргэнээ татаж авсан. Энэ сард өмнөх сараас 50 хувиар олон буюу нийт 3.000 иргэнээ татаж авна. 

Цаашид хүсэлт гаргасан 9.884 иргэнээ татаж авахын тулд тусгаарлах байрны хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар тооцоо судалгаа хийж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Зочид буудлаа тусгаарлах байр болгож ашиглуулах хувийн хэвшлийн санаачилга, зөвшилцлийн үндсэн дээр тусгаарлах байрны хүчин чадал тогтож байна. Мөн эмчлэх эм, эмнэлгийн хүрэлцээний асуудал байна" хэмээн мэдээллээ.