Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын Онцгой комисс хуралджээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улсын Онцгой комисс хуралдлаа. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор өнөөдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.

Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.

1. "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020 оны 05 дугаар 31-нийг дуустал орон даяар өрнүүлэх

2. БНСУ руу энэ сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх

3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх

4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх

5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх

6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх

7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзлээ" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-д коронавирусийн халдвар эрчтэй тархаж, нийт 11.917 хүн өвчилж, 795 хүн эдгэрч, 94 хүн нас барсан байна. Өчигдөр тус улсад шинээр 1786 хүн өвчилж, 18 хүн нас баржээ.

Улаан-Үдэ хотод 60 хүн өвчилж, 12 хүн эдгэрч, 1 хүн нас барсан. Эрхүүд 21 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас баржээ. Өчигдөр Тувад 1 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн юм.