Улсын хэмжээнд энэ сарын 17-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоов

Б.Баясгалан
11 сарын 11, 2020

Коронавирусийн халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдлын талаар 20:00 цагаас Улсын онцгой комисс, үргэлжлүүлэн Засгийн газар хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая мэдээлэл хийв.

Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комисс хуралдсан. Сая Засгийн газар хуралдлаа. 

Улмаар ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, Монгол Улсынхаа энэ чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөмж, салбарын бүрэлдэхүүнтэй эрсдлийн үнэлгээ хийсэн багийнхны зөвлөмжийг үндэслээд улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагийг дуусталх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, маргаашаас эхлэн ирэх мягмар гараг хүртэл хатуу хөл хорионы зарчимд оруулж байна.

Бид маш богино хугацаанд халдварын дэгдэлтийг хумих, тандалт шинжилгээ хийх, үүсээд буй нөхцөл байдал, сэжигтэй тохиолдлуудыг хяналтдаа авахын тулд бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. Эрүүл мэндийн салбар, цагдаа хүчний байгууллага, иргэдтэйгээ нийлж халдварыг хяналтдаа авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Дэлхий нийтэд хатуу хөл хорионы зарчмаар энэ асуудлыг шийдвэрлэж ирсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Монгол Улсад анх удаа тогтоож байна. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана.

Тодруулбал, Хүнсний хангамж хэвийн явах ёстой. Тиймээс хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, шатахуун түгээх станц, нефт хангамжийн байгууллагууд, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхгүй.

Бусад зүйлст хязгаарлалт хийнэ. Ард иргэдийг гэрээсээ битгий гар гэж хүсэж байна. Бид хамтын хүчээр цар тахлын аюулыг гэтлэх учиртай. Тиймээс хүнс авах, эмийг сан орох, ус авах зэргээс бусад шалтгаанаар гэрээсээ гарахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна. 

Төрийн байгууллагуудын хувьд коронавирустэй холбоотой тодорхой тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албадуудад хэн ажиллах вэ гэдэг нэрс өнөө орой гарна. Тэр хүрээний хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна.

Хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилчиддаа гэрээсээ онлайнаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсэж, уриалж байна. Монголчууд бид ингэж хамтдаа тэмцэж байж үр дүн гарна гэж тооцож байна" хэмээлээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын дараагийн зэрэг нь Онц байдал юм.


Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.