Улаанбаатараас Зам-Үүд чиглэлд зорчиж явсан ачааны галт тэрэг өнөө өглөө 08 цаг 30 минутын орчимд замаасаа гарчээ.

Тодруулбал, 2656 дугаартай илчит тэрэг бүхий 51 вагон Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт өртөөний 3 дугаар зам руу шилжих явцад 7 нь замаасаа гарчээ. Тэдгээрийн 4 нь зам дээрээ, 3 нь замаас бүрэн гарч унасан байна.

Ослын газарт "УБТЗ" ХНН, ЗТХЯ зэрэг холбогдох байгууллагын удирдлага, ажилтнууд ажиллаж, сэргээн босголтын ажлыг хийж байна. Ачааны галт тэрэг учир хүн бэртэж, гэмтээгүй аж.

Ямар шалтгаанаар галт тэрэг осолдсон нь одоогоор тодорхойгүй байна.