Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. 

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д 32000 гаруй гүйгч оролцсоноос 400 нь гадаадын 30 орноос оролцсон байна. 

Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирус халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 онд 05 дугаар сард зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулсныг “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдэгдлээ.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс