Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна. Тэрээр эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцаж буй юм.

Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэрээ "Иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал. "Жилдээ нэг удаа заавал эрүүл мэндийн шинжилгээ өгөх ёстой. Ингэснээр эрүүл байна. Хэрэв өвчин тохиолдвол бага дээр нь биеэ эмчлүүлж чадах юм байна" гэсэн эрүүл мэндийн боловсрол, соён гэгээрлийн ажлыг эмч, эрүүл мэндийн ажилтууд сайн хийх ёстой. 

Соён гэгээрлийн ажил зөвхөн боловсрол, соёл урлагийн салбарт явагдах зүйл биш. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг гол бодлогоо болгон ажиллах нь чухал. Дэлхий даяар урьдчилан сэргийлэхэд анхаарч байна. Гамшиг гарахаас өмнө зарцуулсан нэг доллар гамшиг гарсны дараа зарцуулсан 10 доллартай тэнцдэг. Үүнтэй адил өвдөхөөсөө өмнө оношилгоо, шинжилгээ хийлгэж байвал өвдсөний дараа гаргах зардлаас маш их хэмнэлттэй. Үүнийг иргэдэд сурталчлан таниулах нь зүйтэй. Иргэн эрүүл байвал эх орон эрүүл байна" хэмээлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрт илрүүлэх үзлэгт иргэдийг дуудаж үзэх хэрэгтэй. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүнийг ч дуудаж үзнэ. Энэ ажлыг Эрүүл мэндийн яам хийж байна. Иргэнийг дуудаж үзэх тогтолцоог сайжруулчихвал жилдээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой 1.3 сая хүнээ шинжлээд байна. Мөн үзүүлээгүй хүнийг яах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой. Улсаас асар их зардал гаргаад эрт илрүүлэх үзлэг хийхээр дуудаад байхад ирэхгүй байвал тухайн иргэдэд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх ёстой. Ийм тогтолцоог бий болгоно" гэдгийг онцлон хэллээ.


Үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.