УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүх тогтоожээ

Х.Оргил
11 сарын 19, 2019

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нэгэн ноцтой мэдээлэл хийж байсан билээ. Тэрбээр “Хар тамхины наймааны ард Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг байгаа. Ах дүү нар нь тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан" хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.

Уг асуудлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ямар ч ор үндэслэлгүйгээр нэр хүндэд халдаж, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэж үзэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл энэхүү Б.Хурцын нэхэмжлэлтэй Ж.Батзанданд холбогдох хэргийн шүүх шийдвэрлэжээ.

Шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсаныг тогтоожээ.


ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Батзанданд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Холбоотой сэдвүүд

б.хурц ж.батзандан шүүх

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.