Б.Баясгалан
07 сарын 23, 2020
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд өчигөр дараах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгав.
Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болголоо.
Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Өлзийбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцлоо.
Шүүгдэгч О.Бямбажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Улмаар шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тогтоолоо.
Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Жич: 2002 оны Эрүүгийн хуулиас...
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.