УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. 

Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буй талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар танилцууллаа. 

Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ нь 1990-1992 онд ОХУ,  Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал, 2000-2004 ондЗ асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. 

2008-2012 онд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд "МИАТ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.  

Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ 


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс