Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Алдархаан, Нөмрөг, Сонгино сумдад Улсын Гуравдугаар төв эмнэлгийн нүүдлийн эмнэлгийн баг тавдугаар сарын 09-26-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд уг ажлыг зохион байгуулж буй. 

Нүүдлийн эмнэлгийн баг зүрх, мэдрэл, бөөр, уушги, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдснээрээ онцлогтой. 

Тэд алслагдсан сумдын иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байгаа билээ. 

Энэ үеэр Завхан аймгийн 2000 орчим иргэний эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулж, хавдрын 13 шинэ тохиолдлыг илрүүлэн дараагийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн байна. 

Нүүдлийн эмнэлгийн дараагийн ээлжийн баг хамт олон тавдугаар сарын 27-ноос Увс аймагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлжээ.