Улсын гуравдугаар төв эмнэлэг сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Үйлчилгээний стандартад Сувилагчийн манлайлал” сэдэвт Үндэсний X дахь удаагийн сургалт семинарыг энэ сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тус эмнэлэг жил бүрийн тав дугаар сард тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд мэргэжлийн сургалт семинарыг үндэсний хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. 

Энэхүү сургалт семинар нь эрдэм судлалын ажлыг дэмжиж нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. 

Энэ удаагийн үндэсний сургалт семинар Эрүүл мэндийн сайдын санаачилгаар батлагдан эрүүл мэндийн салбарт өнгөрсөн оноос мөрдөгдөж эхэлсэн “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт, түүний хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн байгууллага, ажилтан, ялангуяа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, үлгэр жишээч манлайллыг хөхүүлэн дэмжих зорилтот сэдэв дор амжилттай зохион байгуулагдлаа. 

Түүнчлэн, энэ жилийн сургалт семинарт ЭМЯ-ны удирдлага, АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн эксперт эрдэмтэн, судлаачид, Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөл, нийслэл, орон нутгийн ЭМБ-ын сувилахуйн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийт 40 гаруй байгууллагын 450 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцсон аж.

Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтаар эрүүл мэндийн салбар хийгээд эмнэлгийн байгууллагад үйлчилгээний стандартыг өдөр тутмын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мөрдлөг болгохтой холбоотой онол, дадлага хосолсон сургалт, хэлэлцүүлэг, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг хэрэгжүүллээ.