Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий болон Төв аймгийн нутгаар 2020 оны 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо орох, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн гол мөрний усны түвшин хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.


Иймд:

Авто зам, төмөр замын хариуцагч байгууллагууд зам, замын байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, техник, хэрэгслийн ашиглалтын байдалд үзлэг шалгалтыг хийж, ус зайлуулах байгууламжийг байнга бэлэн байлгах, гүүрийн тулгуур орчмын болон хоолойн орох гарах амсрын чулуун бэхэлгээний бүрэн бүтэн байдлыг хянах, сэргээн засварлах, цэвэрлэх, гольдиролыг хэвийн байдалд оруулан шулуутгах, замын шуудууг сэргэх, уулын гадаргуугийн ус залах, гуу жалга, ус нэвтрүүлэх суваг, шуудуу, хоолойн хог хаягдал цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг урьдчилан сэргийлэх засвар, арчлалтын ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;

Гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, үерийн аюулд өртөж болзошгүй аюултай бүс болох үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд гэр, хашаа, саравч, орон байрыг барьж суурьшихгүй байхад хяналт тавьж, суурьшсан бол нэн даруй нүүлгэх болон үерийн далангийн ус зайлуулах байгууламжаар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэдэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, усархаг бороо орж байх үед болон борооны дараа авто зам эвдрэх, гүнзгий гуу жалга үүссэн байх магадлалтай тул анхаарал болгоомжтой зорчих талаар анхаарах шаардлагатай.


ОБЕГ