УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ "Олон нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 9 төрлийн шторк, 4 төрлийн зурагт хуудас, амны хаалт хийх болон хэрэглэх аргачлал, зөвлөмжийг нийт 68 телевиз, үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниар дамжуулан 2.5 сая хэрэглэгчид /давхардсан тоогоор/ хүргэлээ. 

Аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 570 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байна. 

Коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200, Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэх бэлтгэлийг хангаж, шаардлагатай тохиолдолд “Асралт мед”  эмнэлгийн 100, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн 60 орыг нөөцөд байлгаж байна. 

Цагаан сарын баяртай холбогдуулан нийслэлд 312, аймаг орон нутагт 153, нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын гаргасан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг тус тус зогсоож, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, цех, зоогийн газар нийт 1585 үйлдвэрлэл, үйлчилгээний газарт холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. 

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хязгаар зөрчсөн 46, цахим тоглоомын газар ажиллуулсан 21, автомат тоглоом ажиллуулсан 2, нийт 75 зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 457 шашны байгууллагуудад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. 

Засгийн газрын “Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тухай” шийдвэрийг үндэслэн 91 байгууллагын нийт 287 ажилтан, албан хаагчдад цалинтай чөлөө олголоо. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалтыг оёулах захиалга өгч 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 9000 ширхэгийг үйлдвэрлээд байна" хэмээлээ.