Б.Баясгалан
10 сарын 08, 2020
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Соёлын сайд С.Чулуун танилцуулав.
Тэрээр "Өөрийн орны онцлог, үндэстний түүх, соёл, ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, эх оронч үйл, ёс суртахууныг хүүхэд залуучуудуудад төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, үндэсний агуулгатай соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгоход кино урлагийг дэмжин хөгжүүлэх нь чухал үүрэгтэй.
Манай улсын кино урлагийн салбарын эрх зүйн зохицуулалт нь соёлын талаар төрөөс баримтлах бодлого, соёлын тухай хүрээнд зохицуулагдаж байгаа нь хурдтай хөгжиж буй орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцэхгүй байна. Мөн уран бүтээлчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан зохицуулалт орж чадахгүй байна. Олон улсын туршлагаас харахад кино урлагийг төрийн дэмжлэгтэйгээр хөгжих ёстой гэж үзэж байна.
Дээрх хуулийн төсөл нь кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үндсийг бүрдүүлж, төрөөс дэмжлэг үзүүлэх, оролцогчдын эрх үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс соёл, ахуйг эерэгээр харуулсан агуулга бүхий киног төрөөс дэмжих, кино урлагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах, Монгол кино олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, кино урлагийг хөгжихөд түлхэж болно гэж үзэж байна" хэмээлээ.
Засгийн газраас санаачлан боловсруулсан тус хуулийн төсөл нь 6 бүлэг, 15 зүйлтэй.
Нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилт, хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, кино урлагийг дэмжих чиглэл зарчмыг,
Хоёрдугаар бүлэгт, кино урлагийн хөгжүүлэх талаар Засгийн газар, Соёлын яам, соёл урлагийн агентлагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг,
Гуравдугаар бүлэгт, кино урлагийн мэдээллийн сангийн зохицуулалтыг,
Дөрөвдүгээр бүлэгт, кино урлагийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэр, шалгуур үзүүлэлтүүдийг,
Тавдугаар бүлэгт, гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл, телевиз, кино театраар кино түгээх насны насны ангиллын тухай,
Зургаадугаар бүлэгт, хуулийн хэрэгжилтийн хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай асуудлыг тус тус тусгажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.