НЬЮ-ЙОРК. /TASS/. Манай улсад гялгар уутны хэрэглээ 3-4 дахин буурсан хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын төв байранд болсон цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.


“Гялгар уутны хэрэглээг бид 3-4 дахин бууруулсан бөгөөд 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн бид 400 мянган барилга байгууламжийн “Хог хаягдалгүй” системд шилжиж, хог хаягдал дахин боловсруулалтыг 35 хувиар нэмэгдүүлнэ” хэмээн Туркийн Төрийн тэргүүн цохон тэмдэглэжээ. 



“Ойн талбай нэмэгдэж буй цөөхөн улсуудын нэг нь Турк юм. Бид 18 сая орчим суулгац тарьж ургуулаад байгаа бөгөөд ойн талбайг 30 хувиар нэмэгдүүлэхийн тулд ойрын хугацаанд 11 сая мод суулгахыг зорьж байна” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг