Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан билээ. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авлаа. 

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон  бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байна. 

Мөн нас барсан  хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогоор тэднийг хууль хяналтын байгууллага  шалгаж байна. Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо.