Б.Баясгалан
04 сарын 17, 2019
УИХ-ын маргаашийн чуулганаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор "Төлсөл авснаа нийтэл" эвсэлээс өнөөдөр мэдээлэл хийж, тус хуулийн төслөөр ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах гэж буйг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Тэд мэдээллийнхээ үеэр "УИХ бидний шаардлагыг хүлээж авалгүйгэээр ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах хуулиа яаралтай хэлэлцэн батлахаар улайрч байна. Бид үүнийг эсэргүүцэж, харамсаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол орны усны нөөц ямар байдалтай байгааг, усны бохирдлын түвшин ямар хүнд буйг бид бүгд мэднэ. Усны нөөц маш багатай гэж тооцогддог манай улс усныхаа нөөцөд ийм хайр гамгүй, зохисгүй хандаж, усаа бохирдуулчихаад төлж буй төлбөр нь бага хэмжээтэй байгаад бид төр засгийн байгууллагууд анхаарал хандуулж, хуулийн хариуцлагыг чангатгах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Саяхан "MCS"-ийн охин компани Туул гол руу бохироо цутгачихаад 5 сая төгрөгийн торгуульд төлөөд л өнгөрсөн гэсэн мэдээлэл байна. Ийм том компаниуд Туул голыг бохирдуулчихаад 5-хан сая төгрөг төлнө гэдэг хариуцлага, шийтгэл болж чадахгүй. Гэтэл энэ төлбөрийг дахиад 50-60 хувь бууруулна гэвэл Монгол орны усны нөөцөд аймшигтай хэмжээний эрсдэл үүснэ. Тиймээс бид энэ хуулийг батлуулахгүй байх үүднээс бүтэн жилийн хугацаанд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандсан. Тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байсан учир эцэст нь бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад Засгийн газар, БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн. Анхан шатны шүүхээр бидний нэхэмжлэлийн дагуу шийдвэр гарч, Засгийн газар, БОАЖЯ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Ийм байхад хүчин төгөлдөр байгаа хуулиа хэрэгжүүлэх нь бүү хэл тус хуулийг өөрчлөхөөр УИХ-д хуулийн төсөл өргөн бариад, батлахаар улайран дайрч буйг бид эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдлээ.
Мөн маргааш хэлэлцэх тус хуулийн төслийг УИХ-ын гишүүд битгий дэмжээсэй гэсэн шаардлагыг өнөөдөр хүргүүлж байна хэмээв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.