Х.Оргил
03 сарын 28, 2022
Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Үүнтэй холбоотойгоор Сингапурын баруун өмнөд хэсгийн ус цэвэршүүлэх байгууламжийн лабораторийн химичээр ажилладаг Брайн Тантай ярилцлаа. Химич мэргэжилтэй тэрбээр Монголд цас үзэх мөрөөдлөө биелүүлэх ирээд байгаа юм. Сингапур нь дэлхий дээрх усны нөөцгүй ганц орон. Малайзаас усаар 100 хувь хамааралтай ч үүнийгээ 80 хувь болтол багасгаж чаджээ. Түүнтэй Монголд ирсэн сэтгэгдэл болон тус улсын ус цэвэрлэх байгууламжийн шийдлийн асуудлаар ярилцлаа.
-Сингапур хэдэн цэвэрлэх байгууламжтэй вэ?
-Өнөөдөр Сингапур зургаан цэвэрлэх байгууламж ашиглаж байна. Ирээдүйд дахин хамгийн сүүлийн үеийн технологи бүхий өндөр хүчин чадалтай хоёр цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөсөн. Манай улсын баруун зүүн хэсэгт баригдана. Дэлхийн таталцлын хуулиар уруугаар нам дор газар байхаар төлөвлөсөн.
-Танай улс ихэнх усны хэрэгцээгээ Малайзаас авдаг. Үүнийгээ шийдэх өөр гарц гаргалгаа хайж байгаа гэж дуулсан. Энэ талаараа сонирхуулаач?
-Өмнө нь дан ганц Малайзаас цэвэр ус авч ашигладаг байсан бол өдгөө борооны ус тосож, уг бохир усаа дахин цэвэршүүлэн хэрэглэж байна.Борооны усны нөөц бий болгох, саарал усыг ашиглах зэрэг бодлогыг хэрэгжүүлэхээс гадна далайн усыг цэвэршүүлэх станцыг ашиглалтад орууллаа. Далайн шорвог усыг цэвэршүүлж, ундны усны хэрэглээнд хүртэл ашиглана гэдэг технологийн асар их шийдэл шаарддаг ажил. НҮБ-аас гаргасан нэг хүний хэрэглэх ёстой усны стандарт хэмжээ гэж бий. Сингапурт нэг хүн өдөрт 220 литр ус хэрэглэх ёстой гэсэн үздэг. Юм угаах, усанд орох зэрэг хэрэглээнд хамгийн их ус зарцуулагддаг. Гол нь юм угаах, бие засахад зориулагдсан ус нь дахин боловсруулсан ус байх ёстой.
Бидэнд цэвэр усны нөөц байхгүй. Тийм учраас Малайзаас авсан усаа үр ашигтай зарцуулах нь хамгийн чухал.-Саарал усыг хэрэглэх нь эдийн засгийн хувьд хямд тусах уу эсвэл?
-Саарал усыг гаргаж боловсруулахад хэд дахин өртөг ордог. Тийм учраас энгийн уснаас өндөр үнэтэй болчихдог. Манай улсын хувьд усны нөөцгүй учраас өөр сонголт байхгүй. Магадгүй усны нөөц хангалттай улс орон бол заавал цэвэршүүлж саарал усны технологид шилжих шаардлагагүй. Харин цэвэршүүлэх шийдэл нь зөв, аюулгүй байх нь чухал.
-Танай улсад нэг томоохон гэхээсээ илүү ус цэвэршүүлэх олон дэд станцтай гэж сонссон. Үүний давуу тал нь юу вэ?
-Томоохон цэвэрлэх байгууламж өөрөө асар их өртөгтэй. Бас хянахад амаргүй. Харин багавтар цэвэрлэх байгууламжууд олон барих нь өөрөө өртөг багатай. Тэдгээр ус цэвэршүүлэх байгууламжууд байнгын хяналттай байдаг учраас ямар устай холбоотой хариуцлага хүлээх систем нь өндөртэй. Хэрэв шинжилгээгээр ус бохирдуулсан, сайн цэвэршүүлээгүй гэсэн дүгнэлт гарвал Засгийн газар тухайн дэд станцад асар их хэмжээний торгууль төлдөг.
Сингапурт үйлдвэр болгон ус цэвэршүүлэх дэд станцтай. Тэр станцын усны чанарыг тогтмол шалгадаг албатай. Ямар үед торгох химийн нэр томъёогоор заагаад өгчихсөн байдаг.
-Ус цэвэрлэх байгууламжийн үлдэгдлээс эрчим хүч гаргадаг гэсэн үү?
-Цэвэрлэх байгууламжаас гардаг маш их хэмжээний шавар лаг шаврын хийнээс эрчим хүч үйлдвэрлэж байна. Мөн барилгын тоосго хийдэг. Хятадад бол тариалангийн бордоо ялзмаг гаргаж авч байна.
-Сингапур халуун орон хэрнээ цэвэрлэх байгууламж нь үнэр гаргадаггүй юм бол?
-Сайн боловсруулвал үнэр гарах ёсгүй. Ялангуяа хүйтний улиралтай оронд цэвэрлэх байгууламж огт үнэртэх учиргүй.
-Яг одоо Сингапурт усыг цэвэрлэхдээ ямар технологи ашиглаж байна?
-Дэлхий дахинд гурван төрлийн цэвэршүүлэх арга бий. Нэг физик, хими, биологийн гэсэн гурван аргаар усыг цэвэршүүлж байна. Хамгийн доод түвшиний арга нь химийн арга. Энгийн бөгөөд үр дүнтэй нь физикийн арга байдаг. Хамгийн сүүлийн байгаль орчинд ээлтэй арга нь биологийн арга. Тусгай үржүүлсэн бактерийг ус руу хийж цэвэршүүлдэг. Сингапурт энэхүү аргыг сүүлийн 60 жилийн турш хэрэгжүүлж байна.
-Цэвэрлэх байгууламжийг нь төр хариуцдаг гэсэн. Засгаас хэр их татаас өгдөг вэ?
-Засгийн газар компаниудад татаас мөнгө өгдөггүй. Бодлогоор дэмждэг. Ус цэвэршүүлэх байгууламжийг ажиллуулж буй компаниуд иргэдэд үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсөөр орлогоо бүрдүүлдэг.
-Сингапурт ус ямар үнэтэй вэ?
-Энгийн айл нэг метр куб усны хэрэглээнд 1,60-2 сингапур доллар төлдөг. Монгол мөнгөөр 3000-3350 орчим төгрөг болох байх. /Монголд ийм хэмжээний усыг 550 төгрөгийн үнэтэйгээр хүргэдэг/
-Ингэхэд Монголыг зорин ирсэн юм бол?
-Хэдэн жилийн өмнө Түвдэд аялж явахдаа хөтчөөсөө Далай лам гэдэг үгийг Монгол бас дөрөвдүгээр далай лам Монгол хүн байсныг сонсч байсан. Мөн Хархорин дахь Эрдэнэ зуу хийдийг Түвдийн Потала ордноос урт настай гэдгийг дуулаад үзье гэж зориж ирсэн юм. Энэ удаадаа Монголын өвлийг үзээд буцлаа, сэтгэл үнэхээр хангалуун байна. Дараа ирэхдээ заавал Эрдэнэ зуу хийдийг үзнэ гэсэн төлөвлөгөөтэй буцаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.