“Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх” зорилготой төслийн нээлт боллоо. 

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин  аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БСШУЯ), Боловсролын Хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төсөл 2020-2022 онд үргэлжилэх ажээ. 

Төслийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Боловсрол шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри, зарим аймаг, дүүргийн Засаг дарга нар, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нээлтийн үеэр хэлэхдээ:

”Төслийн 1-р үе шатны хамгийн чухал үр дүнгийн нэг бол “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар батлуулж “Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна” гэлээ. 

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн нэгдүгээр үе шатны үр дүнг бататган хэрэгжүүлэх зорилгоор Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хоёрдугаар үе шатыг Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод суурилсан тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн дунд хугацааны баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж байгаа таван аймаг, нийслэлийн нэг дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон юм.  

Бид төслийн хоёрдугаар үе шатанд Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн мэдлэгийг бүх нийтэд түгээх, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн багш мэргэжилтнийг чадавхижуулах, иргэд олон нийтэд байгальд ээлтэй амьдралын хэв маяг, зөв хандлагыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах болно” гэв.

БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар хэлэхдээ:

-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал  Монгол орны хувьд ч дэлхий нийтийн хувьд ч шинэ ойлголт биш. 1972 оноос хойш дэлхий нийтийн бодлого, стратеги, хөтөлбөр зэрэг хөгжлийн тулгуур болсон баримт бичгүүдэд боловсрол нь тогтвортой хөгжлийн жолоодогч болохыг онцолж ирсэн байдаг. 

Монгол Улсын боловсролын тогтолцоонд өөрчлөлт шинэчлэлт олонулсын чиг хандлага, хувь хүний болоод, нийгмийн хөгжлийг дагаад хийгдэж ирсэн билээ. 

Энэ хүрээнд 2000 оноос хойш төрийн тогтвортой хөгжлийн боловсролыг  системтэйгээр бүх түвшний боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхэд анхаарч, олон төсөл хөтөлбөрүүдийг гадны байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлсэн байдаг юм. Тэдгээрийн нэг нь  БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын  ажиллагааны хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсрол төслийг 2015 оноос хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн боловсролыг  албан ба албан бус боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх замаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш удирдах ажилтны мэргэжилийн тасралтгүй хөгжлийг хангах, сургалтын хөтөлбөрийн болон оролцогчдын үнэлгээ,  судалгаа шинжилгээ гэх мэт чиглэлээр иж бүрнээр нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласанд  талархал илэрхийлье. 

Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн гол зорилго нь тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан  иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагтай, тэгш хүртээмжтэй тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршиж байна гэв.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн шинээр томилогдсон дарга, хатагтай Стефани Бурри хэлэхдээ:

-Өнөөдөр дэлхий даяар 7,8 тэрбум хүн  энэ гариг ертөнц бидэнд өгөгдсөн нөөцийг ашиглаад амьдарч байна. Нөөц хязгаарлагдмал. Тийм учраас хувь хүн өөр өөрийнхөө түвшинд, нийт нийгмээрээ хамтдаа тогтвортой ирээдүйн төлөө ажиллахаар зорьж байгаа билээ.  

Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал зэрэг нь бидний өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн арга барил, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг шаардаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Монгол Улсын хувьд Орос, Хятад гэсэн хоёр том хөршийн дунд  оршдог. Тийм учраас хоёр хөрштэйгээ эн тэнцүү энх тайванч амьдрахын зэрэгцээ дэлхий дахинд энх тайвны үйлсийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулдаг. Бидний хандлага, зан үйл ирээдүйн сайн сайхны төлөө өөрчлөгдөх хэрэгтэйг  бүгд мэдэж байгаа. 

Тогтвортой хөгжлийн боловсрол ирээдүйн сайн сайхны төлөө эерэгээр өөрчлөх боломжийг олгодог юм.

Тогтвортой хөгжлийн боловсрол маш сайн хөгжиж байгаа орнууд Япон, Скандинавын орнуудыг дурдах нь зүйтэй.  Манай Швейцарийн холбооны улсын хувьд  Төв Холбооны Засгийн газраасаа авахуулаадбүх муж улсууддаа тогтвортой хөгжлийн боловсролыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж тусгаж яваа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн хувьд Монгол Улсад хүн ам, сурагч залуусыг эрүүл, ногоон, хөгжсөн нийгэмд амьдрах бололцоог бий болгож, хэнийг ч орхигдуулахгүйгээр  хамруулах арга хэмжээний хүрээнд 2014 оны арванхоёрдугаар сард Тогтвортой хөгжлийн боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд үзсэг зурж тусламж дэмжлэг хэрэгжүүлж ирлээ гэлээ.