УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Иргэд гадагшаа явж эмчлүүлэх асуудалд Эрүүл мэндийн яам нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид аль болох гадагшаа явж эмчлүүлэхгүйгээр гадаадын өндөр мэргэжил, боловсрол, туршлагатай эмч нарыг эх орондоо авчрах боломжийг судалж байна. 

- 11 дүгээр сарын 01-нээс төр, хувийн хэвшлийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгоно.

- Групп олгох эсэхийг эмч нар тогтоодог. Олгох мөнгө нь нийгмийн халамжаас гардаг. Зарим аймагт иргэдийн нь 60 хувь нь группт орж, халамжийн мөнгө авдаг байдал байна. Үүнд хяналт тогтоохын тулд нийт иргэний эрүүл мэндийн нэгдсэн бүртгэлийн санг бий болгох ёстой. 2021 оны нэгдүгээр сард Монгол Улсын нийт иргэний эрүүл мэндийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Мөн тусгайлсан баг бүхий шалгалт явуулаад, бүртгэл дээр гарсан сэжигтэй тохиолдлуудыг очиж шалгаад асуудлыг шийдэж болно. 

- Хөнгөлөлттэй эмийг бүх эмч бичдэг болж байгаа. Жор бичих бүх эмчийг коджуулж байна. Бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгох болсон учир эмийн сангуудтай гэрээ хийж байна. 

- Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж байна. Тодорхой 5 шалгуур гаргаж, эдгээр шалгуурт багтсан эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулна. Хөнгөлөлттэй эм хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байх тохиолдлууд байгаа учир хяналтаа сайжруулж байна. 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжинэ.

- Эрүүл мэндийн даатгалд жилд 450 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Буцаад тухайн жилдээ даатгуулагчдад зарцуулагддаг. Зарцуулалт ил тод байгаа.

- Гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай хүмүүст зардлыг нь 100 хувь олгоход Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хүрэлцэхгүй. Иймд аль болох богино хугацаанд дотооддоо эмчилдэг болох боломжийг бүрдүүлэхээр ажилаж байна.

- Хөнгөлөлттэй эм сар бүрийн эхний гурав хоногт дуусдаг. Үүнд хамрагдахын тулд иргэд өглөө эрт очиж дугаарладаг нөхцөл байдал байгаа. Иймд эмийн сангуудад гүйцэтгэлээр нь долоо хоног бүр хөнгөлөлттэй эмийн санхүүжилтыг олгоно. Улмаар сарын турш эм дуусахгүй байна.